Ц.Туваан: Зэсийн АМНАТ-ийг олборлогч, үйлдвэрлэгчдэд тэгш байлгахаар зорьж ажиллана
2024.10.03
172
Ц.Туваан: Зэсийн АМНАТ-ийг олборлогч, үйлдвэрлэгчдэд тэгш байлгахаар зорьж ажиллана

Монголын уул уурхайн салбарынхан хоёр дахь өдрөө чуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалт Улаанбаатар хотоос 39 км зайтай Тайж хайрхны бэлд үзэсгэлэнгийн хамтаар нээгдлээ.

"Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний эхний өдөр эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын чиг баримжааг хамтарсан Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын сайд Ц.Туваан танилцуулж, хөрөнгө оруулагчид, салбарын оролцогч талуудад замын зургаа тодорхойлоход ихээхэн дөхөм боллоо.

Шинээр бүрдсэн, тэр тусмаа хамтарсан Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх салбарт ямар бодлого баримтлах, салбарын хөгжлийг хэрхэн дэмжих талаар бүрэн дүүрэн хариулт байсангүй. Тэгвэл уул уурхайн салбарынхны их цугларалт төр, хувийн хэвшлийн нээлттэй талбар нь болж байна.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны эхний өдрийн илтгэлээс зэсийн АМНАТ болон зэс хайлуулах, боловсруулах үйлдвэртэй холбоотой байр суурийг Mining.mn онцолж байна.

Тэрээр "Монгол Улс дан ганц хөдөө аж ахуйн орон биш, уул уурхайн бас орон юм. Ойрын ирээдүйд манай улс аж үйлдвэржсэн, олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус орон болохыг зорин ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн 6 нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт ногдож байгаа. Энэ ажлыг зэс хайлуулах үйлдвэрээсээ эхлэн барьж авч ажилдаа орох болно. Эрдэнэтийн үйлдвэрээ түшиглэж зэс хайлуулах үйлдвэрийн эхний цогцолбор үйлдвэрлэл, технологийн парк /ҮТП/-ийг нээхээр ажиллаж байгаа. Тэнд боловсон хүчин нь байна, дэд бүтэц, түүхий эд нь байна. ҮТП хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцүүд нь 90 гаруй хувьтай хийгдсэн. Тун удахгүй Монгол Улс дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч "Оюу Толгой" төслийн хүрээнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай эхлүүлж хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ ташрамд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс зэсийн АМНАТ-ийн асуудлыг ярина. Зэсийн АМНАТ-ийг олборлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тэгш боломжтой, тэгш байлгах тал руу нь зорьж ажиллах болно" гэв.

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.