Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг хуралдлаа
6 Цагийн өмнө
114
Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 345 дугаар захирамжаар Монгол Улсад нүүрснээс шатахуун, хийн түлш, бордоо болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Нүүрсийг зөвхөн эрчим хүчний эх үүсвэр төдийгүй нэмүү өртөг шингэсэн шатахуун, хийн түлш, бордоо болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болгон ашиглах нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай оруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох чухал ач холбогдолтой.

Түүнчлэн нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологийн сонголт, хөрөнгө оруулалт, байгаль орчны шаардлага болон үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг цогцоор нь авч үзсэн, тогтвортой бөгөөд ойлгомжтой эрх зүйн орчин шаардлагатай юм.

Ажлын хэсгийн хурал 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр болж, нүүрсний химийн чиглэлээр төсөл, судалгаа хэрэгжүүлж буй судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл оролцлоо.

Хурлаар нүүрснээс шатахуун, хийн түлш болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг боловсронгуй болгох боломжийн талаар оролцогчид байр сууриа илэрхийлж, санал солилцов.

Мөн ажлын хэсгийн удирдамж болон дэмжих бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн баталлаа.

Цаашид ажлын хэсэг холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоо, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах юм.

Энэ хүрээнд нүүрсийг гүн боловсруулах, түүнээс шатахуун, хийн түлш, бордоо болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгарч буй эрх зүйн болон зохицуулалтын асуудлыг цогцоор нь авч үзэж, салбарын хөгжлийг дэмжих бодлогын болон эрх зүйн боломжит шийдлүүдийг судална.

Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан ажиллах юм.

Эх сурвалж: parliament.mn

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.