Майнинг мн сайтын ээлжит томилолт Ухаа худаг байлаа. Бидний хүрэх цэг Монголын анхны нойтон аргын нүүрс баяжуулах үйлдвэр. Цогтцэций Өмнөговь аймгийн уул уурхайн түшиглэн хөгжиж байгаа гурван том сумын нэг. Сум руу ойртох тусам энэ байдал нь илт харагдаж, мэдрэгдэж байлаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн жил тутам танилцуулдаг аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар Өмнөговь аймаг эхний байранд эрэмбэлэгдээд удаж байна. Ухаа худаг төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа эхэлсэн цаг мөчөөс хойш 21 аймгийн түүчээнд Өмнөговь байнга орж ирсэн байдаг. Үүнд Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс гээд уул уурхайн компаниудын нөлөө асар их юм.
Монголын уул уурхайн салбарт жишиг тогтоосон төсөл бол Ухаа худаг. Тус төслийн үр дүнд говь нутагт аж үйлдвэрийн цогцолбор үүд хаалгаа нээж, өмнөд бүсийн нийгэм, эдийн засгийн тулах цэг, хөгжлийн хөшүүрэг нь болж байна.
“Энержи Ресурс” компани 2009 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, хуулийн хүрээнд, нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болгон хариуцлагатай ажиллаж байна.
Хүн ам нь 20 жилийн хугацаанд 4.9 дахин нэмэгдсэн Цогтцэций
Нийслэлээс 560 шахам км зайд орших Цогтцэций сум түм түжигнэж, бум бужигнасан төв суурин газрын эгнээг үлэмж тэлжээ. Өдгөө хүн ам нь өсөн нэмэгдэж, байнгын оршин суудаг бүртгэлтэй иргэдийн тоо 11 мянгыг даваад байна. Ирж, буцах хөдөлгөөнт хүн амыг тооцвол оршин суугчид хэдийнэ 20 мянгад хүрчээ.
Хүн ам өсөх хэрээр энд зах зээл бий болж, худалдаа, үйлчилгээний салбар цар хүрээгээ улам тэлнэ. Хорин жилийн хугацаанд хүн ам нь хамгийн их нэмэгдсэн сум бол Цогтцэций бөгөөд 4.9 дахин нэмэгдсэн байна.
Хорин жилийн өмнөх буйдхан сум өнөө 20 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болоход нөлөөлсөн гол хүчин зүйл бол уул уурхайн салбарын тэлэлт юм.
“Энержи Ресурс” компани 2009 онд “Ухаа худаг” уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхтэй зэрэгцээд суманд цахилгаан станц, орон сууц, сургууль, цэцэрлэг, ус хангамжийн нэгдсэн систем гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг эрчимтэйгээр хийсэн нь шинэ суурьшлын бүс болох гол суурь болж өгчээ.
Статистик мэдээллээс үзвэл, уурхайн үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш тус суманд суурьших иргэдийн тоо жил бүр мянга орчмоор тогтмол өссөн байна.
Ухаа худаг уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Өмнөговь аймгаас нийслэл рүү, Цогтцэцийгээс аймгийн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байсан бол уурхай эхлэхтэй зэрэгцээд хүмүүсийг татдаг аймаг, сум болж өөрчлөгджээ. Ингэснээр Цогтцэций, Ханбогд сумууд Эрдэнэтийн дараа орох шинэ суурьшлын бүс болон хөгжиж байна.
Үүнийг статистикийн байгууллагын албан үзүүлэлтээс гадна судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG байгууллагын шинэхэн судалгааны үр дүн улам тодотгох аж. Суманд эрчим хүч, усан хангамж гээд суурь дэд бүтэц шийдэж өгсөн нь бизнесийн идэвхжил нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдийн тоо даруй гурав дахин өсөхөд нөлөөлсөн гэдгийг дээрх судалгааны байгууллагаас онцолсон юм.
MMCG нь 2023 оноос эхлэн Монголын уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт, Оюу толгой, Энержи Рерсурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг хийгээд байгаа. Эдгээр компаниуд нь улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа эхний дөрвөн байрт жагсдаг.
Усны дахин ашиглалт нь 95 хувьд хүрсэн баяжуулах үйлдвэр
Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолбор Монголын орчин цагийн уул уурхайн түүхэнд шинэ хуудсыг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хичээл зүтгэлээр говь нутагт сүндэрлэсэн түүх саяхан. Нүүрсний салбарт анхдагч аж үйлдвэрийн цогцолборын нэг. Цахилгаан станц, Баяжуулах үйлдвэр, ил уурхай, шинэ суурьшлын бүс-Цэций орон сууцны хороолол, гадаргын усыг цуглуулах усан сан, мод үржүүлгийн талбай, ойн зурвас, уурхай болон Цогтцэций сумын хэрэгцээг хангах цэвэр усан хангамжийн систем гээд гээд олон бүтээн байгуулалт энд ар араасаа дурдагдах учиртай.
Ухаа худаг уурхай нь Тавантолгойн бүлэг ордын 4 орчим хувийг эзэлдэг юм байна. Үлдсэн 96 хувьд нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХ үйл ажиллагаа явуулж байна. Ухаа худаг уурхайд жилд 80 мянга орчим дээжид бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн нүүрс-химийн лаборатори, хүнд машин механизмын засварын төв, ажилтнуудын нэгдсэн оффис, уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв зэрэг шаардлагатай бүхий л дэд бүтэц төвлөрөн байрлаж байна.
Уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв гэхэд Монголын уул уурхайн салбарын хүний нөөцийг өмнөд бүсэд бэлтгээд зогсоод төгсөгчдийнх нь 99 хувь ажлын байраар хангагдаж байгаа юм.
Ухаа худаг нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 15 сая тонн түүхий нүүрсийг баяжуулах хүчин чадалтай. 2011 онд ашиглалтад орсон. Орчин үеийн өндөр техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн энэ төрлийн үйлдвэрүүдтэй харьцуулахад нэлээд томдоо орох үйлдвэр. Азидаа бараг эхний тавд ордог юм билээ. Энэ үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг бөгөөд бүрэн автоматжуулсан. Хүчин чадлаараа Азидаа тэргүүлэх баяжуулах үйлдвэрүүдийн нэг юм.
Ухаа худаг цогцолборын төслийг эхлүүлэхдээ ганцхан ил уурхай бус үйлдвэрлэл, уурхай, нийгмийн дэд бүтцийг бүхий л түвшинд зураглан төлөвлөж, энэхүү бүтээн байгуулалтад дан Монгол залуусаа сургаж, ажиллуулсан байдаг. Ингэж бэлтгэгдсэн инженер, техникийн ажилтнууд аж үйлдвэрийн цогцолбороо авч явж байна.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 5 сая тонн нүүрс баяжуулах 3 модультай. Нийлээд 15 сая болж байгаа юм. Энэ том бүтээн байгуулалт харьцангуй богино хугацаанд гадаад, дотоодын олон компани, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээр бий болсон. Нойтон аргын анхны баяжуулах үйлдвэр байгуулагдсан нь Монголын XXI зууны аж үйлдвэржилтийн хөгжилд маш том алхам болсон гэж салбарынхан үздэг.
Хамгийн чухал нь нүүрсээ түүхийгээр нь биш, угааж баяжуулан экспортолсноор Монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг ахиуж, нэмүү өртгийг дотооддоо шингээж байгаагаараа онцгой чухал.
Манай улс олборлолтоос боловсруулалт, боловсруулалтаас борлуулалт гэж уул уурхайн бодлогоо тодорхойлон оновчилсон. Ухаа худаг яг л энэ жишгийг биечлэн харуулж байгаа цогцолбор. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ач холбогдол нь тухайн ордын баялгийг сорчлох бус бүрэн ашиглах, илүүдэл тээвэрлэлт хийхгүйгээр авто тээврийн өртөг ихтэй зардлыг бууруулж, зах зээлийн үнээр нэмүү өртөг шингээн экспортлох явдал.
Баяжуулах үйлдвэртээ байгаль орчинд ээлтэй, уул уурхайгаар тэргүүлэгч Австрали улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг "Энержи Ресурс" компани сонгосон байдаг. Үйлдвэрийн дэргэд говийн нөхцөлд нийцсэн Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг 2013 онд байгуулж, 2018 онд нэмэлт өргөтгөл хийснээр үйлдвэрийн усны дахин ашиглалт 95-98 хувьд хүрсэн юм. Товчдоо, үйлдвэрийн үйл ажиллагаандаа усыг цэвэршүүлэн ашигладаг гэсэн үг.
Ухаа худагийн баяжуулах үйлдвэр өндөр чанарын коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
"Ухаа худаг" хэмээх брэндийг үндэсний хөрөнгө оруулагчид зах зээлд бий болгож, аж үйлдвэрийн салбарт шинэ сэргэлтийг авчирсан. Нүүрсээ баяжуулах үйлдвэртэй, уурхайн үйл ажиллагааг найдвартай эрчим хүчээр хангах цахилгаан станцтай, авто замтай, ажилчдын орон сууцны хороололтой, эмнэлэг, хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй нь төлөвлөн хэрэгжүүлсэн. Ингэж Цогтцэцийн шинэ түүх эхэлсэн юм. Сумын хөгжлийг хотын түвшинд иж бүрнээр зурагласан нь энэ.
“Цэций-2” хорооллын хоёр дахь ээлж энэ онд ашиглалтад орно
“Энержи Ресурс” компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 2011-2013 онуудад “Цэций-1” 650 айлын орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулсан бол нэмээд 300 айлын “Цэций-2” хорооллыг барьж байна. Үүний эхний 150 айлын орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ ондоо багтаад үлдсэн 150 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байна лээ. Өнөөдрийн байдлаар тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр 850 өрх үнэ төлбөргүйгээр орон сууцандаа ороод, тав тухтай ажиллаж, амьдарч байна.
Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх энэ ажлын хүрээнд орон сууц барихаас гадна дулааны станц, ус хангамжийн нэгдсэн систем, цэвэр бохирын байгууламж зэргийг цогцоор нь шийдвэрлэсэн нь сум орон нутгийн хөгжлийг давхар дэмжсэн байна. Тэрчлэн 1000 орчим хүүхдийг хамруулах сургууль, цэцэрлэг, дотуур байр бүхий “Мөрөөдөл” цогцолборыг барьж байгуулан 2011 онд ашиглалтад оруулсан гээд Монголын уул уурхайн салбарт эдгээр нь сайн жишээ болдог юм.
Илч гэрлээр говь нутгийг гэрэлтүүлэх цахилгаан станц 116 сая долларыг дотоодод үлдээжээ
Ухаа худаг цахилгаан станц нь уурхай, баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар хангаад зогсохгүй Цогтцэций сумыг илч гэрлээр тасралтгүй хангаж байна. Тус цахилгаан станцыг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд “Энержи Ресурс” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. Тодруулбал, дотоодын 120 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилтнуудын хамтын бүтээл бол Ухаа худаг цахилгаан станц... Монгол инженерүүдийн бие даан байгуулсан анхны станц гэдгээрээ түүхэнд тодоор бичигддэг.
Цахилгаан станц Нүүрс аж үйлдвэрийн цогцолбор, Цогтцэций сумын 4000 орчим өрх, аж ахуйн нэгжийг 24 цагийн турш найдвартай эрчим хүчээр хангаж байна. Цахилгаан байхгүй амьдрал зогсох цаг үе бид амьдарч байгаа. Тийм болохоор хэчнээн ач холбогдолтой нь эндээс харагдана.
Монгол Улс цахилгаан, эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. 2025 онд л гэхэд цахилгаан эрчим хүч импортлоход 216 сая ам.доллар зарцуулсан гэсэн тоо мэдээ бий. Тэгвэл Ухаа худаг цахилгаан станц ашиглалтад орсноор импортод зарцуулах байсан 118 сая ам.долларын урсгалыг дотоодод үлдээж чадсан байна. Түүнээс гадна Ухаа худагийн цахилгаан станц нь говийн нөхцөлд тохирсон салхиар сэнсээ хөргөх технологитой буюу усны тэг хэрэглээтэй. Монгол дахь ердийн цахилгаан станцуудаас 4-5 дахин бага ус ашигладаг гэхээр усны зарцуулалт, үр ашиг илүү ялгарч харагдах нь лавтай.
Дэлхийн жишгийг Монголд нэвтрүүлсэн анхны уурхай
Монголд төдийгүй Ази тивийн уул уурхайн салбарт усны үр ашигтай менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа анхны байгууллага “Энержи Ресурс” компани. 2025 онд усны үр ашигтай зарцуулалтын олон улсын менежментийн ISO 46001:2019 стандартыг Монголоос анх удаа нэвтрүүлсэн байдаг.
Учир нь Ухаа худаг уурхай үйлдвэрлэлийн бүх дэд бүтэц, үе шат бүхэндээ говийн нөхцөлд тусгайлан тохируулсан, усны үр ашигтай хэрэглээг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Үүний нэг жишээ нь, үер, бороо зэрэг гадаргын усыг хуримтлуулж, хөв цөөрөм үүсгэн ашиглаж байна. Мөн ус ууршиж, нэвчихээс сэргийлсэн битүү технологи бүхий усан сантай. Үүгээрээ уул уурхай, аж үйлдвэрийн салбарт шинэ жишгийг тогтоосон. Тийм болохоор Канадын Тогтвортой уул уурхайн төлөөх олон улсын стандартыг хэрэгжүүлж, Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн бодит кейс болж байгаа юм.
Ойн зурвас олон өрхийн амьжиргааг дэмжиж байна
Говь нутагт мод бут хэрхэн сүрлэг сайхан ургадаг гэдгийг харуулсан жишээ бол “Энержи Ресурс” компанийн байгуулсан ойн зурвас юм. Үүнтэй бид танилцлаа. Цөлжилтийг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах зорилгоор Цогтцэций сумаас 7 км зайд 23 га талбайд ойн зурвас байгуулсан байна. Арав гаруй жилийн уйгагүй хичээл зүтгэл, арчилгааны үр дүнд энэхүү ойн зурвас олон мянган мод бут сөөгтэй болж, 1 км орчим сунаж үргэлжилсэн говийн төгөл бий болоод байна.
Ойн зурвасыг байгуулснаар зэрлэг амьтдын шинэ амьдрах орчин үүсэж, жил бүр энд ирэх шувуудын төрөл зүйл нэмэгдсэн байна. Одоогоор таван ангийн 54 зүйлд хамаарах 1000 гаруй бодгаль шувуу бүртгэгдээд байгаа бөгөөд үүнд хангай газрын шувуу ч багтсан байна.
Ойн зурваст тарьсан өндөр мод нь салхины хаалт болж өгснөөр үржил шимт хөрс хийсэхээс сэргийлж, элсний нүүдлийг тогтоон барьж, орчны эко системийг тэнцвэржүүлж байна. Ойн зурваст мөн компаниас усалгаа, газрыг нь бэлдээд өгдөг тул сумын иргэд төмс, хүнсний ногоо жил бүр тариалж, хүнсний ногооны жилийн хэрэгцээнийхээ 20 хувиа дангаараа хангадаг болсон байна. Энэ жил гэхэд 40 гаруй айл төмс, хүнсний ногоо тариалж, ургацаа хураан авч, ажил ундарч байна. Сумын төвд “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулж, үзэсгэлэн худалдааг мөн гаргажээ.
Нэн ховор “Тоорой” модыг үрээр ургуулж, төгөл ой үүсгэжээ
Уул уурхайн компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд түүчээлэн оролцож буй. Тэр тусмаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Ухаа худаг уурхайн олборлолтын үйл ажиллагаа 2009 онд эхлэхтэй зэрэгцэн 2.5 га талбайд мод үржүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг.
Энэ талбайд өнөөдрийн байдлаар говийн бүс нутаг, цаг агаарт зохицсон жигд, сухай, хайлаас, тоорой, заг, харгана, бүйлс, хармаг, хотир зэрэг 22 төрөл зүйлийн мод сөөг болон бутлаг ургамлыг үржүүлж байна.
17 жилийн түүхтэй мод үржүүлгийн талбайгаасаа уурхайн биологийн нөхөн сэргэлтийн талбай, уурхай болон сумын төвийн ногоон байгууламж, говийн бүсэд байгуулсан ойн зурвас руу мод, сөөг шилжүүлэн суулгаж, амжилттай ургуулж байна. Түүнчлэн энэ талбайд Улаан номонд орсон, нэн ховор говийн Тоорой модыг үрээр үржүүлж, Тоорой модны төгөлийг үүсгэжээ.
Говь нутаг 2009 оноос хойш Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн халуун сэдэв болж ирсэн. Энэ зүгээс сэвэлзэх халуун салхины үнэр улс орны хөгжлийн яриа болж, өмнөд бүсийг их өөрчлөлт рүү хөтөлсөн юм. Аж үйлдвэрийн цогцолбор бүхий нүсэр төслийг монголчууд өөрсдөө гардан хэрэгжүүлж, их бүтээн байгуулалтыг говь нутагт цогцлоосон Ухаа худагт урьдын адил налгар намар болж байна.