"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгонтой “Эрдэс Боловсруулалт-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын хүрээнд ярилцлаа. Тус арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах юм. Эрдэнэт үйлдвэрийн хувьд жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга, өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг, үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшинг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдварт ажиллагааг хангах зорилгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай үргэлжлүүлсээр байгаа юм.
–“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл өгнө үү. Энэ удаагийн хурал ямар онцлогтой вэ?
–“Эрдэс боловсруулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ удаагийн “Эрдэс боловсруулалт-2026” хурал Эрдэнэт хотод, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Энэхүү хурал зохион байгуулагдаж эхэлснээс хойш найм дахь удаагаа болох гэж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
–Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зохион байгуулж байгаа нь оролцогчдод ямар боломж олгох вэ?
–Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дараагийн ахисан шатанд гаргах чиглэлээр олон ажил хийж байна. Ялангуяа 2024 оноос хойш технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд эрчимтэй хэрэгжиж байгаа.
Тиймээс энэ удаагийн хуралд оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцана. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор үзэх боломжтой.
–“Эрдэс боловсруулалт” хурлын гол ач холбогдол нь юунд оршдог вэ?
–Эрдэс боловсруулалтын салбарт гарч байгаа технологийн дэвшил маш хурдацтай явагдаж байна. Шинэ технологид суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлд хэрхэн зөв, үр ашигтай ашиглах вэ, бага зардлаар хэрхэн өндөр бүтээмжтэй ажиллах вэ гэдэг нь өнөөдөр маш чухал асуудал болсон.
Манай хурлын гол ач холбогдол нь энэ чиглэлийн шинэ судалгаа, технологи, практик шийдлүүдийг нэг дор танилцуулдагт оршдог. Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгаа, үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн туршлага, технологийн шийдлүүдээ илтгэлээр танилцуулдаг.
–Энэ нь Монголын уул уурхайн компаниудад ямар үр өгөөжтэй вэ?
–Монгол Улсад том, жижиг олон уурхай, баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Нэг үйлдвэрт амжилттай хэрэгжсэн технологи, шийдлийг бусад үйлдвэрүүд судалж, өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, хурлын үеэр онолын судалгаа төдийгүй үйлдвэрлэлд бодитоор хэрэгжсэн жишээнүүдийг харж, нэг нэгнээсээ суралцдаг. Цаашлаад өөрийн үйлдвэрт нэвтрүүлэх боломжтой технологи, шийдлээ олж авах ач холбогдолтой.
–Хуралд ямар байгууллага, компаниуд оролцдог вэ?
–Зөвхөн эрдэмтэн, судлаачид оролцдоггүй. Технологийн болон инженерингийн компаниуд, баяжуулах үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрлэгч компаниуд оролцдог.
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, технологийнхоо дээжийг танилцуулж, хамтран ажиллагч байгууллагуудтай уулзалт, яриа хэлэлцээ хийх боломж бүрддэг. Ингэснээр зөвхөн мэдлэг, туршлага солилцохоос гадна бизнесийн хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх томоохон талбар болдог.
–Энэ удаагийн хурлын эрдэм шинжилгээний хөтөлбөр ямар хэмжээтэй байх вэ?
–Энэ удаагийн хурлын эмхэтгэлд 30 орчим эрдэм шинжилгээний илтгэл хэвлэгдэхээр байна. Үүнээс 10 гаруй илтгэлийг хурлын үеэр хэлэлцүүлнэ.
Мөн гадаад, дотоодын олон үйлдвэрлэгч компани оролцож, бүтээгдэхүүн, технологийнхоо дээжийг дэлгэн танилцуулна. Хамтран ажиллагч байгууллагуудтайгаа уулзах, шинэ түншүүдтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж нээгдэнэ.
–Хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг нь ямар ач холбогдолтой вэ?
–Хоёр жилийн хугацаанд эрдэс боловсруулалтын салбарт технологийн нэлээд олон шинэчлэл бий болдог. Тиймээс хоёр жил тутам салбарын мэргэжлийн ажилтан, мэргэжилтэн, инженер, судлаачид нэг дор цуглаж, шинэ технологи, шинэ шийдлүүдийн талаар мэдээлэл солилцож, нэг нэгнээсээ суралцдаг.
Миний хувьд энэ хурлын хамгийн том онцлог нь салбарын хүмүүсийг нэг дор цуглуулж, мэдлэг, туршлага, технологийн шинэчлэлээ хуваалцан, үйлдвэрлэлд бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэгт оршдог гэж хардаг.
“Эрдэс боловсруулалт” бол зөвхөн эрдэм шинжилгээний хурал биш. Монголын эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид, инженерүүд, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлдэг мэргэжлийн чухал платформ юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.