Б.Чинзориг: Судалгаа, шинжилгээний ажлуудыг үйлдвэрлэлтэй холбож, бодит хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн том үр дүн
1 Цагийн өмнө
97
Б.Чинзориг: Судалгаа, шинжилгээний ажлуудыг үйлдвэрлэлтэй холбож, бодит хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн том үр дүн

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Б.Чинзоригтой 2026 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдах найм дахь удаагийн “Эрдэс боловсруулалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ярилцлаа.

-Энэхүү хурал анх ямар зорилгоор зохион байгуулагдаж байсан бэ?

-Манай хурал анх зохион байгуулагдахдаа Монгол Улсын баяжуулагч инженерүүдийг хооронд нь уулзуулж, үе үеийн баяжуулагчдын санал бодол, туршлагыг солилцох талбар бий болгох зорилготой байсан. Харин 2014 оноос олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж эхэлснээр цар хүрээ, ач холбогдол нь нэлээд өргөжсөн.

Өөрөөр хэлбэл, Монголын ашигт малтмал баяжуулалтын технологийн хөгжлийг олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудын түвшинтэй харьцуулан харах, шинээр гарч буй техник, технологийг Монголд нутагшуулах ямар боломж байгааг тодорхойлох чухал талбар болсон.

-Энэ удаагийн хурал хэд дэх удаагаа зохион байгуулагдаж байна вэ?

– Одоогийн байдлаар найм дахь удаагийн хурлаа зохион байгуулж байна. Энэ хугацаанд хурал маань нэгэнт төлөвшиж, олон улсын судлаачид, хэрэглэгчид, бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, мөн Монголын баяжуулах үйлдвэрийн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэхийг зорьж буй шинэ бүтээл, инновац эзэмшигчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсан. Манай хурал хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг.

-Энэ жилийн хурлын гол онцлог юу байна вэ?

-Өнөө жилийн хамгийн том онцлог нь Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байгаа явдал. Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрүүдэд тулгуурлан хурлаа зохион байгуулж байна. Хурлын эхний өдөр үйлдвэрлэлийн талбайтай танилцах аялал зохион байгуулж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, цар хүрээ, технологийн шинэчлэл болон сүүлийн үеийн ололт, амжилтыг оролцогчдод танилцуулахаар байгаа.

Нөгөө талаас Монгол орны өнцөг булан бүрийн баяжуулах үйлдвэрүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, дотоод, гадаадын мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцан туршлага солилцож байгаа нь энэ удаагийн хурлын бас нэг чухал онцлог юм.

-Өмнөх хурлуудын бодит үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Өмнөх хурлуудын үеэр хэд хэдэн гэрээ, хэлцэл байгуулагдаж, байгууллагуудын хамтын ажиллагааны цар хүрээ тэлж байсан. Харин өнөөдөр энэ хамтын ажиллагаа дараагийн шатанд гарсан гэж хэлж болно. Тухайлбал, хил дамнасан судалгааны ажлууд хийх, бусад улс оронд шинээр бий болж буй технологи, шинэ бүтээлийг Монголын орд газрын онцлогт тохируулан шилжүүлж, нутагшуулах боломжууд бодитоор нээгдэж байна.

-Арга хэмжээний үр дүн Монголын уул уурхай, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Судалгаа, шинжилгээний ажлуудыг үйлдвэрлэлтэй холбож, бодит хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн том үр дүн гэж харж байна. Үүний цаана Монгол Улсын эдийн засагт өгөөж өгөх бүтээн байгуулалт, технологийн шинэчлэлүүд бий болно.

Мөн ашигт малтмалын нөөцийг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах шинэ шат дамжлагуудыг бий болгох боломж нэмэгдэнэ. Зөвхөн техник, технологийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй, Монголын инженер, судлаачдыг бэлтгэх, олон улсын түвшинд ажиллах чадавхыг нь нэмэгдүүлэхэд энэ хурал томоохон хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

-Цаашид хурлыг ямар түвшинд хүргэх зорилготой байна вэ?

-Бид хурлаа зөвхөн туршлага солилцдог арга хэмжээ бус, судалгаа, технологи, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбодог бодит хамтын ажиллагааны талбар болгон хөгжүүлэхийг зорьж байна. Шинэ технологийг Монголын ордын онцлогт тохируулан нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, инженер, судлаачдын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд энэ хурлын үүрэг улам нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Та бүхэн мөн үзэсгэлэнг зэрэгцүүлэн зохион байгуулж ирсэн. Үзэсгэлэнгийн үр нөлөөг хэрхэн тодорхойлох вэ?

-Эрдэс боловсруулалт хурлын үеэр тогтмол зохион байгуулж ирсэн үзэсгэлэнгээс тодорхой судалгааны бүтээлийн үр дүнг бодитоор харах боломжтой. Мөн ханган нийлүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, шинээр бий болсон бусад ордуудтай баяжуулах үйлдвэрүүд хоршин хамтран ажиллах хамтын ажиллагааны боломжуудыг нээж байдаг гэдгээрээ ихээхэн онцлог.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.