Оюут ордын хайгуулын далд нэвтрэлтийн төслийн нээлт боллоо
2024.09.10
247
Оюут ордын хайгуулын далд нэвтрэлтийн төслийн нээлт боллоо

Оюутын ордын хайгуулын далд нэвтрэлтийн төслийн нээлт боллоо. Хайгуул судалгааны үр дүнд гүний геологийн тогтцыг нээн баримтжуулах, сорьцлох, хагас үйлдвэрлэлийн технологийн дээжлэлт хийх юм. Эрдэнэт үйлдвэр 70 жилийн нөөц баялгийг өнгөрсөн хугацаанд хайгуулын үр дүнгээр баталгаажуулсан бол өнгөрсөн жилээс Оюутын ордод нарийвчилсан хайгуул эхлүүлээд байна. Саяхан УИХ-аар 2024-2028 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт Эрдэнэтийн стратегийн ордын талбайд Оюутын ордын хайгуулыг эрчимжүүлэх, бусад хайгуулын талбайнуудад өндөр дэвшилтэд технологи, хиймэл оюун ухаан ашиглан орд нээх тухай заалтууд орсон юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдгээр заалтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бөгөөд бусад талбайнуудад ч орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан орд нээх, эрж хайх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Оюутын ордыг ашиглах төсөл нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН “Эрдэнэт бол уурхай дагасан хот. Уурхай дагасан хот суурин газрын амьдрал үйлдвэрийн газрын ирээдүй, насжилттай шууд холбоотой байдаг. Манай үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, энэ хугацаанд мэдлэг, чадвар өндөртэй хүний нөөцийг бүрдүүлсэн. Нөгөө талаар геологийн нөөцөө нэмэгдүүлж байгаа. Хүний нөөц, геологийн нөөцөд тулгуурлан ямар ч дэвшилтэт технологийг нэвтрүүлж болдог. 2022 онд бид шинээр хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл авсан. 2023 онд энэ ордыг сонгон ашиглах төлөвлөгөөг хэлэлцэж байлаа. Түүнчлэн 1980-аад оны үед хийгдсэн хайгуулын зарим өгөгдлүүдээ ашигласан. Мөн 2023 оны өгөгдлүүдээ ашиглан газрын түвшнээс 80 орчим метрийн гүнд хийгдсэн хайгуулын ажлаа шалгаж, туршиж, баталгаажуулаад явж байна. Нөгөө талаас хүдрийн агуулгаас гадна уул геологийн нөхцөл байдал гэх мэт олон зүйлийг шалган ажиллах нь өндөр ач холбогдолтой. Эдгээр ажлыг Оюу толгойн гүний уурхайн нэвтрэлтийн босоо амыг хийж буй монгол инженерүүдийн баг гүйцэтгэж байгаа нь онцлог юм. Оюутын орд 220 орчим сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бидний хүлээж буй үр дүн 500 орчим сая тоннд хүрэх болов уу гэсэн найдлага байгаа. Цаашид бид хоёр жилийн хугацаанд хайгуулын ажлаа үргэлжүүлэн хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар батлуулна" хэмээн онцолсон юм. 

“Евроашиан Майнинг Контрактор” ХХК-ийн захирал Г.ЭНХБИЛЭГ "Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож, энэ төслийг хэрэгжүүлж байгаа нь манай компанийн хувьд нэр төрийн хэрэг юм. Манай компани 2013 оноос Монгол болон Казкастан улсад хөндлөн нэвтрэлт, олборлолтын хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Энэ оны наймдугаар сард Оюу толгойн далд уурхайн 10,11-ийн диаметртэй 1160,1166 метрийн гүнтэй хоёр амны малталт нэвтрэлтийн ажлыг хийлээ. Энд ажилласан баг Оюутын ордын төсөл дээр ажиллаж байна.Уг төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Одоо уулын малталт нэвтрэлт буюу гүний ажил эхлээд байна. Одоогоор төслийн талбайд 36 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Өдөр, шөнийн ээлжинд байнгын 24 хүн ажиллахаар төлөвлөсөн. Уг төслийн ажлыг 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй байна" хэмээн нээлтийн үеэр тодотгожээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 онд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлж, ямар хэмжээний хүдрийн нөөц, геологийн тогтоцтойг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Нийт 20 мянган тууш метрийн өрөмдлөгийн ажил хийх бөгөөд одоогийн байдлаар 11700 гаруй тууш метрийн өрөмдлөгийн ажил хийгджээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.