"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал 7 дахь удаагаа зохион байгуулагдана
2024.09.10
303
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал 7 дахь удаагаа зохион байгуулагдана
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын хурлыг 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 7 дахь удаагийн олон улсын хурал нь Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх, Монгол орны эрдэс боловсруулалтын туршлагыг хуваалцах, баяжуулалтын техник, технологийг боловсронгуй болгоход шинжлэх ухаан-үйлдвэрлэл-сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулах салбарын ХАБЭА, хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг тодорхойлоход уг хурлын зорилго оршиж буй.
 
Тус хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төр засгийн байгууллагууд, Эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэхээр байна.
 
7 дахь удаагийн “Эрдэс боловсруулалт-2024” хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо ажиллаж байгаа бөгөөд олон улсын хурал Новотел зочид буудалд өндөр хэмжээнд зохион байгуулагдах юм.
 
Энэхүү ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын олон улсын хурал нь Монгол Улсын эрдэс боловсруулалтын салбарт хийгдэж буй техник технологийн тасралтгүй сайжруулалт, туршилт судалгааны үр дүнг танилцуулах, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж бодит байдалд нийцсэн шийдвэр зөвлөмжүүдийг гаргаж төр засаг, шийдвэр гаргагчдад уламжлах, улмаар хуульд нийцүүлэн тусгах, ажил хэрэг болоход анхаарч ирсэн билээ.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.