Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөц 2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болж нэмэгдлээ
2 Цагийн өмнө
78
Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөц  2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болж нэмэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, энэхүү ТЭЗҮ нь үйлдвэрийн 2080 он хүртэлх хөгжлийн үндэс суурийг тодорхойлсон стратегийн чухал баримт бичиг болохыг онцоллоо. Тэрбээр ордын геологийн нөөц өмнөх 2.9 тэрбум тонноос 4.6 тэрбум тонн болж нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд хийсэн хайгуулын ажил, зах зээлийн нөхцөл байдал, техник технологийн боломжийг харгалзан шинэчлэн үнэлсний үр дүн гэдгийг тэмдэглэв.

Мөн ордын нөөцийг олон улсын ЖОРК (JORC) кодын зарчим, аргачлалд нийцүүлэн үнэлж, геологи, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин болон уурхайн хаалтын асуудлыг цогцоор нь тусгасан нь цаашид олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн төсөл хэрэгжүүлэхэд чухал суурь болно гэв.

Түүнчлэн, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дизель түлш болон эрчим хүчний хэрэглээг бууруулах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчид суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шаардлага улам бүр нэмэгдэж байгааг дурдлаа.

Уурхайн хаалтын төлөвлөгөөг ТЭЗҮ-д тусгасан нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, ирээдүйн санхүүжилтийг урьдчилан төлөвлөхөд чухал алхам болохыг онцолсон юм.

ТЭЗҮ-д тусгасан технологийн шинэчлэлийн хүрээнд уурхайн тээврийн системийг цахилгаан эрчим хүчээр хангах дэвшилтэт шийдлийг үе шаттай нэвтрүүлэх, олон тонны даацтай 40 орчим тээврийн хэрэгсэл ашиглах, 10 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөх зэрэг шийдлүүдийг тусгажээ. Эдгээр технологийг хэрэгжүүлснээр нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон байна.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр цэвэр ашгийн төлөвлөгөө 170 гаруй хувиар давж биелсэн бөгөөд оны эцэст 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. 2025 онд түүхэндээ анх удаа тус үйлдвэр 2.3 их наяд төгрөгийн татвар, төлбөр, ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр тус амжилтаа ахиулах төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.