Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Ашигт малтмалыг эрэн хайх, ашиглах үйл, ажиллагааны журмыг шинэчлэхээр боловсруулж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны долоо хоногийн ээлжит шуурхай хуралдаан болж, төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа. Хурлаар салбарын эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалт, уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаа, шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдон албан тушаалтнуудад үүрэг болгов.
- Тухайлбал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү шинэ зохицуулалтаар өмнө нь хүчингүй болсон Ашиглалтын зөвшөөрлүүдийг дахин сонгон шалгаруулалтаар олгох, хайгуулийн тусгай зөвшөөрөл дээрх босго үнийг нэмэгдүүлснээр хэт бага үнээр тусгай зөвшөөрөл авах болон хэт өндөр үнэ тогтоож, сонгон шалгаруулалтыг үр дүнгүй болгох хийдлүүдийг арилгахаар тусгаад байна.
- Мөн ашигт малтмалыг эрэн хайх, ашиглах үйл, ажиллагааны журмыг шинэчлэхээр боловсруулж байна.
- “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, бэлтгэл ажлыг дуусгах,
- Сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх ажлыг хугацаа алдалгүй боловсруулж батлуулах,
- Шинээр зарлаж буй газрын тосны хайгуулийн талбайд дээр бусад яамдаас саналыг авч дуусган, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх,
- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, Алт-3 хөтөлбөртэй холбоотой талбайн мэдээллүүдийг дахин нягталж, хуульд нийцээгүй болон ашиглаагүй талбайг оруулахгүй байх үүрэг чиглэлүүдийг тус тус өглөө.
Эх сурвалж: АҮЭБЯ