Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулна
7 Цагийн өмнө
90
 Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулна
Хуралдаанаар салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, шатахууны хангамж, нийлүүлэлт, агаарын хөлгийн түлшний стандарт болон оны эцсийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж, холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан (2026.10.26) болж, хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа. Хуралдаанаар салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлт, шатахууны хангамж, нийлүүлэлт, агаарын хөлгийн түлшний стандарт болон оны эцсийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж, холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгчээ. 
 
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан салбарын бусад хууль тогтоомжийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Газрын тосны тухай хууль болон тэдгээртэй холбоотой дүрэм, журмын төслүүдийг шуурхай боловсруулж, холбогдох шатанд хэлэлцүүлэн батлуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.
 
Мөн шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбогдуулан импортын эх үүсвэрийг төрөлжүүлж гуравдагч болон бусад улс орноос шатахуун нийлүүлэх боломжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад ашиглах онгоцны түлшний төрөл, түүнд тавигдах стандартын шаардлагыг тодорхой болгож, холбогдох стандартыг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг «Эрчис Ойл» компанид даалгажээ. Импортын эх үүсвэр нэмэгдэж буй нөхцөлд агаарын хөлгийн түлшний стандартын зохицуулалтыг тодорхой болгох нь, түлшний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.