АҮЭБЯ: Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны долоо хоногийн ээлжит шуурхай хуралдаан болж, төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа. Хурлаар салбарын эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалт, уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаа, шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед Оюутолгойн гүний уурхайд уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан. Ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж, хяналт шалгалтыг хийлээ.
Урьдчилсан дүгнэлтээр ослын үед уул уурхайн инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүний амь нас эрсдэхээс сэргийлж чаджээ. Мөн гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн зүгээс цаашид салбарын бүх түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах хүрээнд мэдээлэл, сургалт, зөвлөмжийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна.
Мөн шуурхай хурлаар 2027 онд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарын хяналтын хүрээнд 617 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийх хуваарь гаргаж, Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлснийг танилцууллаа.
Шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах хүрээнд 10 болон 11-р сарын татан авалтын тайлан, урьдчилсан захиалгуудтай танилцаж, цаашид хөдөө орон нутагт хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг ТНБД Б.Дашпүрэв холбогдох агентлагт үүрэг болголоо.
Цаашид 11-р сард урьдчилсан байдлаар 100000 орчим тонн АИ92 автобензинийг импортлон авах төлөвлөгөөтэй байна. Иймд шатахууны хангамж, түгээлтийг улсын хэмжээнд эрчимжүүлж, шатахууны хүлээгдлийг бүрэн арилгахад анхаарч ажиллахыг санууллаа.