"Оюу Толгой" ХХК оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд нийт 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 588 нь дотоодын ханган нийлүүлэгчид байжээ. Эдгээр дотоодын компанид худалдан авалтынхаа 90.7 хувийг зарцуулсан байна.
Дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө /хоёрдугаар улирлын байдлаар/ 1.6 их наяд төгрөг бөгөөд үүний 74 хувийг Аж ахуйн нэгж, бусад байгууллагад төлсөн төлбөр /НӨАТ/ эзэлжээ. 2010 оноос хойш тус компани дотоодын худалдан авалтад нийт 30.7 их наяд төгрөг зарцуулсан байна.
Тухайлбал, Өмнөговь аймагт бүртгэлтэй 95 ханган нийлүүлэгчээс 227 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ оны хоёрдугаар улирлын байдлаар худалдан авсан бөгөөд 2010 оноос хойш Өмнөговь аймгаас нийт 4.4 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ.
Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд "Оюу Толгой" компани 2010 оноос хойш 44 их наяд төгрөг зарцуулсан байна.