Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг нээлээ
2024.08.08
271
Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийг нээлээ

Бэрхийн далд уурхайг түшиглэн байгуулсан “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Монгол”корпорацын  Зэс металл группийн дарга Х.Бадамсүрэн, “Монголросцвентмент” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав тэргүүтэй уул уурхай болон орон нутгийн  төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгон үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Монгол Улсын анхны өнгөт металлын уурхай, уул уурхайн салбарын анхдагч гүний уурхай гэгдэх "Бэрхийн уурхай" ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулан Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаны 70 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж их эзэн Чингис хааны өлгийг аялал жуулчлал, уул уурхайн тогтвортой бүс болгон хөгжүүлэх бүтээн байгуулалт бий болсныг онцлон тэмдэглэв. 

“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулж улсын төсвөөс 5.96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж, Монголросцветмент, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудын хандиваар дэд бүтэц, гадна, дотно талбай тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

berkh_mine_8 

"Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголт, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг чухал ач холбогдолтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгосон юм. 

berkh_mine_89 

Далд уурхайн музейд уурхайн тээврийн түүхийг өгүүлэх хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Монголын үйлдвэрлэлийн түүх болон уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг 45 метрийн гүнд цогцлоожээ. Энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2020 онд батлуулж, барилга, бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлсэн түүхтэй. 

Энэхүү төслийн бүтээн байгуулалт хэрэгжсэнээр бий болох давуу талууд; 

•Ашиглалтын үйл ажиллагаа явагдаж дууссан, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээж эдийн засгийн эргэлтэд оруулсан олон улсын туршлагад үндэслэн Монгол Улсад уул уурхайн хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн шинэ жишиг тогтоох, 

•Ашиглагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах,

•Төслийн бүтээн байгуулалтын үед газрын доор малталт нэвтрэлт, барилга угсралт, засвар, зам талбай, гадна тохижилтын ажлын явцад нийт 200 гаруй хүний түр ажлын байр, ашиглалтын үед 26 хүний байнгын ажлын байр бий болж байнгын ажлын байранд нийт ажилчдын 90 хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх,

•Далд уурхайн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн их, дээд, тусгай мэргэжлийн 18 их, дээд сургуулиудад жил бүр 1100 оюутан суралцаж 240 шинэ мэргэжилтэн бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд эдгээр оюутан сурагчдад үйлдвэрлэлийн дадлага хийх, сургалтын бааз бий болгох, тодорхой мэргэжлүүдээр мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэсэлгээний болон геотехникийн судалгаа хийдэг судалгаа шинжилгээний төвтэй болох, 

•Орон нутгийг зорих, дамжин өнгөрөх дотоод болон гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, 

•Орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудыг бий болгох аж.

mine_berk55

berk_mine

berkh_mine_2  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.