Нүүрсний экспорт төсвийн төсөөллийг өөрчилж, шинэ рекорд тогтоох уу...
Нүүрсний экспорт төсвийн төсөөллийг өөрчилж, шинэ рекорд тогтоох уу...
...Тэр тусмаа коксжих нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдэх магадлал хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Хэдий БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан, үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай боловч коксжих нүүрсний хэрэглээ нь огцом буурах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна.

Монголын эдийн засгийг тэжээж, тэтгэж буй уул уурхайн голлох бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Нүүрсний үнэ, экспортын биет хэмжээ тухайн жилийн эдийн засгийн төлөв, төсвийн орлогыг тодорхойлоход жин дарж буй. ДНБ өсөх, уруудахыг нүүрс, зэсийн баяжмал тэргүүтэй эрдэс бүтээгдэхүүн давамгайлан шийдэж, улсын аж амьдрал бүхэлдээ энэ хоёр түүхий эдээс үлэмж хамаарч байгаа.

Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 онд 67 сая тонн болж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Урьд өмнө байгаагүй их хэмжээний нүүрс манай улс борлуулж, экспортыг нүүрс өнгөлсөн. Тэгвэл 2024 онд энэхүү амжилт хадгалагдах, экспортын тэргүүн эгнээнд нүүрс байр сууриа бат эзэлж чадах болов уу. Манай улс энэ онд нийт 60 сая тонн нүүрс экспортлох төсвийн "төлөвлөгөө" бий. Өмнөх оны түүхэн үзүүлэлтээ шинэчлэх, төсвийн төсөөллийг өөрчлөх магадлал байгаа юу...

Оны эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ гараад байна. Үлдсэн хугацаанд нүүрсний экспорт үргэлжлэн нэмэгдэх, 2023 оны түвшнийг давах магадлал өндөр гэж зах зээлийн зарим оролцогч дүгнэх аж. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд хийгдсэн төмөр замын томоохон бүтээн байгуулалтууд, боомтын өргөтгөл шинэчлэл, Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомашинаар тээвэрлэлт хийх нөхцөл бүрдсэн зэрэг нь 2024 оны нүүрсний төсөөллийг өөрчлөх, экспортын шинэ түүх бичигдэх хүлээлт, гол найдвар болж байгаа юм. Эдгээр нь нүүрсний экспортыг ахиулах хүчин зүйлээр нэрлэгдэж байна. 

Тэр тусмаа коксжих нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдэх магадлал хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Хэдий БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан, үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай боловч коксжих нүүрсний хэрэглээ нь огцом буурах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байна. Энэ нь Хятадад нүүрсээ зарах эдийн засгуудад /улс орнуудад/ сайн мэдээ. Гэхдээ зах зээлд эрсдэл, боломж хамт. Олон улсын геополитик, улс төр, уур амьсгалын өөрчлөлт нөхцөл байдлыг орвонгоор нь эвдэх ч аюултай. 

Хятадын хувьд энэ жил коксжих нүүрсний дотоод нийлүүлэлтээ нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих сонирхол асар их байна. Энэ сонирхолтой хамт нүүрсний импорт ч өсөх хүлээлт давамгайлах аж.

Дэлхийн нүүрсний ассоциацийн үзэж байгаагаар дунд болон урт хугацаанд  нүүрсний зах зээлийн өсөлт, эрэлтийг Азийн бүс нутгийн орнууд голлон тодорхойлохоор байна. Хэдий өндөр хөгжилтэй улс орнууд нүүрснээс татгалзах чиглэлд түүчээлж, бодлогын олон хөтөлбөр зарласан ч ган үйлдвэрлэл хөгжсөн, хүн ам ихтэй, эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрснээс өндөр хамааралтай БНХАУ болон Энэтхэг улсын эрэлт тогтвортой байхаар харагдаж байгаа юм.

Тэрчлэн байгалийн хийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлт тасалдсан нь зарим улс орны хувьд байгалийн хийг орлохуйц, үнэ өртгийн хувьд ч хүрэн нүүрсээр орлуулан ашиглах эхлэл болсон. Үүний нөлөөгөөр нүүрсний эрэлт, нийлүүлэлт ирэх онд ч өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна. 2023 оны хувьд Хятадын эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдсэн. Энэхүү эрэлт хэрэгцээ энэ онд ч үргэлжлэл төлөв байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.