Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын талбайд МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд зочлов
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын талбайд МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд зочлов

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн эрдэмтэн профессор, оюутнууд 2024 оны 4 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо төслийн талбайтай танилцаж, газар доор уусган олборлох цуврал семинарт хамрагдав. 

Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компани болон компанийн дийлэнх хувьцаа эзэмшигч Францын Орано группийн экспертүүдийн дэмжлэгтэйгээр МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудад  газар доор уусган олборлох технологийг нарийвчлан танилцуулах зургаан удаагийн цуврал лекц, семинарыг энэ онд зохион байгуулж буй. Ийнхүү хээрийн дадлага ажил хийж байгаа нь 2024 онд төлөвлөсөн цуврал семинарын тав дахь нь болж байгаа юм.

Энэ удаагийн семинарыг “Бадрах Энержи” компанийн төслийн менежер Эрмаль Коплику “Газар доор уусган олборлох аргаар олборлолт явуулах нь” сэдвээр удирдан явууллаа. Семинарт нийт 35 эрдэмтэн багш, оюутнууд оролцов.

“Бадрах Энержи” компани нь 2021-2022 онд байгаль орчинд ээлтэй, олборлолтын эвдрэлгүй арга болох газар доор уусган олборлох технологиор үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай  гүйцэтгэсэн. Монгол Улсын хувьд анх удаа газар доор уусган олборлох технологиор үйлдвэрлэлийн туршилт хийж гүйцэтгэсний хувьд салбарын  багш, оюутнуудад олборлолтын шинэ арга технологио танилцууллаа.

Төслийн менежер Эрмаль Коплику “Ураныг газар доор уусган олборлох технологийн талаар дөрвөн удаагийн онолын сургалт семинарын дараа туршилтын олборлолт хийгдсэн талбайд хээрийн дадлага хийлээ. Ирээдүйд хийгдэх үндсэн олборлолттой харьцуулахад хэмжээгээр бага ч ГДУО аргаар хийгдсэн олборлолтыг бодитоор харууллаа. Семинарын оролцогчид ГДУО технологи, түүний нөлөө, ирээдүйн олборлолтын суурь зарчмын талаар ойлголт, мэдлэгтэй болж чадсан гэж бодож байна. Салбараа сайн мэддэг, шинэ зүйлд нээлттэй сэтгэлгээгээр ханддаг зочдыг талбай дээрээ хүлээн авахад тун таатай байлаа” хэмээн онцлов. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.