Баялгийн хараалтай хамт л баялгийн сангийн талаар манай улс ярьж, хэлж эхэлсэн. Тэр үе бол 2011, 12 он. Эдийн засаг жилд 17 хувиар өсөж байсан цаг үеэс энэ бүхэн эхтэй гэсэн үг. Нэг бус нэлээд хэдэн жил баялгийн сан тойрсон яриа үргэлжилж байна.
Олон улс орноор томилолт өвөртлөн том дарга нар баялгийн санг судалж, танилцсан. Тэр, энэ улсын жишээ гэж түмэн олонд ч хоногштол дараа нь бас ярьж чадсан. Гэвч бид өнгөрсөн хугацаанд Баялгийн сантай болж чадсангүй. Сангийн эрх зүйн орчин, дүрэм журам ч тодорхой болж үлдсэнгүй.
Харин одоо "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл" нэртэйгээр УИХ-ын чуулганы босгыг давлаа.Монгол хөрөнгө оруулагчдын дунд мандах цагаас мартагдах хүртэл, дахин сайн нэрийг олох эрлийн замд ч энэ яриа явсан. Явсаар л байгаа. Бид улс дотроо ч хангалттай сайн хэлэлцэж, хэрэлдэж амжсан. Гэвч шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүргэсэн.
Энэ хооронд Газрын наймаа, ЖДҮ, Боловсрол тэргүүтэй тусгай сангийн хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэмжээ гаарсан. Түүнийг нь дараа бид мэдсэн. Хариуцлага тооцож эхэлж байна. Цэгцлэх гэж засаг төр эрмэлзсэн, зорьсон. Хөгжлийн олон боломжоо бид энэ дунд алдсан, алдагдсан боломжийн өртөг тэр хэрээр нэмэгдсэн.
Баялгийн сан улс төрийн хүрээнд дуусдаггүй яриа болж, дундрах учиргүй сэдэв болж мөнхөрсөн. Болох ч ёстой сэдэв, ярих ч учиртай асуудал энэ мөн. Гэхдээ 10 гаруй жил төсөл боловсруулах ажлын хэсэг хэдэнтээ байгуулж, тэр нь цаас үйлдвэрлэж, цаг хугацааны алдагдалд орж, баялгийн орлогоос ирээдүйд, үр хүүхдийн үр хүүхдэд үлдэх, үлдээх хуримтлалтгүй цаашаа явсаар байх уу... Газрын хэвлий дэх баялаг ганцхан биднийх биш.
Үе үеийн УИХ, Засгийн газар баялгийн сан тойрсон сэдвээр улс төрөө ч , улсаа бодсон шийдэл дээр ч гацдаг, ганцаарддаг байсан нь үнэн. Зөвшилцөх, зөндөө олон жил ярьсан Баялгийн сан тойрсон эргэлзээг нэг тийш нь болгох цаг наашилж байна.
Үүний тулд эрх зүйн орчны хувьд ч, эдийн засгийн үр ашиг, сахилга батын хувьд ч маш тодорхой болгох, боловсруулах цаг ирсэн гэвэл тийм. Үүнийг аль нэгэн УИХ, Засгийн газар хийх л байсан. Хийж л таарна. Магадгүй өнөөдөр байгаа Засгийн газар, УИХ тэр нь байж магадгүй юм.
Улс төрийн өрөг дээр бүхий л эрх мэдлийг өөрийн болгож чадсан эрх баригчид томоор харсан уу, эсвэл ойроор бодсон уу... Ял, гавьяа нь хамт ирэх энэ том алхмын өмнө УИХ, Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ тулж ирээд байна.
Баялгийн сан бол Засгийн газрын тусгай сан биш, энэ халамж тараадаг төсөв ч биш. Энэ ирээдүйг тэтгэх, хөгжлийн хөшүүрэг, Том мөнгөтэй хамт ирэх сайн засаглал, хариуцлага, менежмент бүр ч том асуудлын эхлэл байж таарна. Яаж хулгайчдыг тэндээс хол байлгах уу гэдгээс л зовлон эхэлнэ.
Баялгийн сангийн эрх зүйн орчныг тодорхой болгох, байнга бид нүүрсэн төсөвтэй, зэсэн орлоготой байхгүй. Тиймээс өнөөдрөө бус маргааш, ирж яваа цагийн сорилт, саад, хүндрэлийг тооцон Баялгийн сан дээр улсаараа урагшлах, нэгдэх цаг лав болсон.
УИХ-аар анхны хэлэлцүүлэг нь өнөөдөр хийгдсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл сайн, муу аль ч нөхцөлд эрх баригчдыг, өнөөдрийн УИХ, Ерөнхий сайдыг түүхэнд үлдээнэ, түүх бас шүүж таарна. Энэ хууль урагшлах нь урт хугацаандаа бидний ирээдүйд, Монголын хувь заяанд хэрэгтэй юм. Ийм агуулгаас нь харна. Гол нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн жинхэнэ ялагч нь ард түмэн байх учиртай юм.