“Уул, уурхайн техник, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ
Эдийн засаг, хөгжлийн яам болон Хөгжлийн банк хамтран “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд “Эрдэнэс Монгол Нэгдэл”-ийн Үйлдвэрлэл, технологийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян “Уул, уурхайн техник, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашдын хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл тавив.
Тус нэгдлээс техник тоног төхөөрөмжийг бүтээмж өндөртэй техникээр үе шаттай шинэчлэх бодлого баримталж, дизель техникийн тоог 80 хувь хүртэл үе шаттай бууруулж, цахилгаан техникийн тоог нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах судалгаа хийгдэж байна.
Мөн шаардлага хангасан цөөн тооны техникээр үйлдвэр уурхайн парк бүрдүүлэх холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна нэгдлийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд шаардлагатай техникийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх, сэлбэг хэрэгслийн оновчтой нөөц бүрдүүлж, бараа материал солилцох боломжийг хангах зэрэг асуудлууд тулгараад буйг танилцуулав.