Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын талаарх хуулийн нэр томьёо ба тодорхойлолт, зохицуулалтын өөрчлөлт
2006 оны хуульд анх."стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж тодорхойлж байсан бол 2009, 2014 онуудад орсон өөрчлөлт болон өөрчлөн найруулснаар …."... гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж өөрчлөгдсөн байна.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын шалгуур нь хэтэрхий ерөнхий ба өргөн хүрээг хамарч буй (үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний), бас барьцгүй (дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний) учир ямарч ордыг хамруулах бололцоотой.
2006 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2,173.4 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 12252.7 төгрөг; 2023 онд 46877.3 төгрөг буюу 2006 онтой харьцуулахад 5.6 ба 21.5 дахин тус тус нэмэгджээ.
Стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томьёог олон улсад хэрэглэдэггүй бөгөөд харин батлан хамгаалахын зориулалтаар ашигладаг ашигт малтмалыг стратегийн (strategic), нийлүүлэлтийн хомсдол нь эдийн засагт хохирол учруулж болох ашигт малтмалыг нэн чухал (critical) гэх ба нэн чухал ашигт малтмал нь стратегийн байж ч болно байхгүй байж ч болно, харин стратегийн ашигт малтмал нь үргэлж нэн чухалд тооцогддог гэж үздэг байна.
Томоохон ашигт малтмалын орд нээхийн тулд маш урт хугацаа ба өндөр хөрөнгө оруулалт шаарддаг 100% эрсдэлтэй үйл ажиллагаа шаардлагатай байдаг тул стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томьёо нь хөрөнгө оруулагч нарт маш тодорхой бус байдал бий болгодог. Түүнээс гадна томоохон орд нээгдсэн тохиолдолд ашигт малтмалын нөөцөө дутуу тайлагнах, ордыг хуваах зэрэг хууль бус үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч нарыг түлхэж байдаг эрсдэлтэй.
2006 оны АМтХ-н 5.4 дүгээр заалтад 2009 онд орсон нэмэлтээр “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж өөрчлөгдсөн байна.
2015 онд “Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно “гэсэн нэмэлт оруулжээ.
2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 ба 5.5 дугаар заалтуудын хэрэгжилт ба ордуудын ашиглалтын төлөв байдал
Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан холбогдуулан УИХ 2007 онд ашигт малтмалын 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тогтоол гаргахдаа Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений орд, Монгол Улсын Засгийн газраас бусад хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах, стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжид боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар үүрэг болгожээ.
Өөрөөр хэлбэл 15 ордоос зөвхөн 7 орд газрын хэрэгжилтийг, тухайлбал 3 орд дээр одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах, 4 орд дээр төрийн эзэмшилийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах талаар авч үзсэн байна. Энэ 4 ордоос Оюутолгой ба Тавантолгойн орд ашиглаж буй компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэгэнт тогтоосон.
2013 онд Засгийн газар стратегийн ач холбогдолтой орд газрын талаар дараах утга агуулга бүхий тогтоол гаргаж байжээ.
Цагаан суварга зэс, Төмөртийн овооны цайр, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээний төсөл боловсруулж;Мардай, Дорнод, Гурванбулагийн ураны ордуудыг ашиглах болом судалж, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох, орд ашиглах гэрээний төсөл боловсруулж; Хөшөөт, Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын ангилалд хамруулах чиглэлээр санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох яам, агентлагуудад даалгаж байжээ.
Засгийн газар мөн онд ашигт малтмалын дараах долоон ордыг стратегийн ач холбогдолтой ордын ангилалд оруулах санал УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Үүнд:
- Хөшөөтийн нүүрсний орд
- Цайдамын нүүрсний орд
- Гацууртын алтны орд
- Мушгиа худагийн газрын ховор элементийн орд
- Лугийн голын газрын ховор элементийн орд
- Хотгорын газрын ховор элементийн орд
- Халзан бүргэдэйн газрын ховор элементийн орд
УИХ дээрх саналыг хэлэлцэлгүй орхисон байна. Харин 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэн төр 34 хувийг санхүүжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар уг ангилалд хамруулаагүй байна.
2015 онд “Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно"гэсэн нэмэлт орсоны дараа 2015 онд Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдолтой ордын ангилалд хамруулсан бөгөөд төрийн эзэмшлийн 34%-г нөөц ашигласны төлбөрөөр орлуулах хэлэлцээр явагдаж байх үед шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан тул төсөл цаашид хэрэгжээгүй.
Дээрх 15 ордоос Багануур ба Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг хувьцаат компаниуд олборлож, улсаас тогтоосон үнээр алдагдалтай ажиллан цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байна.
Мардай, Дорнод, Гурван булагийн ураны ордууд 2009 онд батлагдсан Цөмийн эрчим хүчний тухай хуулийн 5.2.-н “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг”, мөн 5.3.-н “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.” гэсэн заалтуудын улмаас өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч олдохгүй учраас ашиглаж чадахгүй байна.
Төмөртэй төмрийн ордыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглаж байгаа бол Бүрэнхааны фосфорит ба Асгат мөнгөний орд мөд ашиглалтад ороогүй. Бороогийн алтны ордыг ашиглаад дууссан.
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд АМНАТ болон стратегийн ач холбогдолтой ордтой холбоотой дараах заалтууд туссан байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль ба АМНАТ-тай холбоотой зохицуулалт
Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн эх үүсвэр нь:
- .”ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;”
- “...орлого төвлөрүүлэгч 100 хувь төрийн өмчит компанийн төвлөрүүлсэн …уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;
- ”Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр"-с (472.1 ба201.5 заалтуудыг холбогдох хуулиудад 2025 онд нэмсэн) тус тус бүрдэхээр заажээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 2024 ба 2025 онд АМтх-н 5.4 дүгээр заалтыг “... стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших…” гэж өөрчлөн найруулжээ.
2006 оны АМтХ-н 5.5 дугаар заалтад заалтад дээрхтэй адил агуулгатай өөрчлөлт ба нэмэлт оруулжээ.
2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 ба 5.5 дугаар заалтуудын хэрэгжилтэд тулгарч болох бэрхшээлүүд
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжүүлэх, улмаар баялгийн санд орлого төвлөрүүлэх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох үйл ажиллагааг идэвхүүлэх, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх ажлыг Засгийн газар эхлүүлж байна.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой холбоотой УИХ-н 2007 оны тогтоолын 2-р Хавсралтад багтсан 39 ордын 11 нь орон нутгийн хэрэгцээг нүүрсээр хангадаг нүүрсний ордууд (тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ихэнх нь хувьцаат компаниуд), ашиглалтад ороогүй эсвэл нөөц нь батлагдаагүй 5 нүүрсний орд, ашиглаад дууссан нүүрсний нэг орд (Налайхын нүүрсний орд), ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл нь байдаг төмрийн 2 орд, бичил уурхайн хэмжээнд олборлолт хийдэг алтны 2 үндсэн орд, ашиглалтад ороогүй, эсвэл бага хэмжээгээр ашиглаж байгаа болон цагаан тугалга, гянтболд, мөнгө, зэс ба цайрын 5 орд, ашиглалтад ороогүй металл бус ашигт малтмалын (давс, пироп, гөлтгөнө, цеолит ) 4 орд, ашиглалтанд ороогүй Хөвсгөл аймаг дахь фосфоритын 2 орд, ашиглалтын нөөцгүй газрын ховор металлын 1 орд, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд ашигладаг цайр, хар тугалгйны 2 орд, ашиглаад дууссан жоншны 1 орд байна.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамруулах талаарх Засгийн газрын БЭТ-н санал болгосон 8 ордын 3 нь орон нутгийн нүүрсний орд, дөнгөж бүтээн байгуулалт нь эхэлж буй нэг орд, ашиглалтад байгаа төмрийн нэг орд, ашиглалтад ороход ямар нэг байдлаар бэрхшээлтэй байгаа хоёр орд байна.
Дүгнэлт
Стратегийн ач холбогдолтой ордын тухай нэр томьёо ба тодорхойлолт хэтэрхий ерөнхий, нарийвчилсан шалгуур байхгүй байгаа нь тухайн заалттай холбоотой хуулийн хэрэгжилтэд бэрхшээл учруулж байна.Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг өргөтгөх санаачилга ба үйл ажиллагаа тухайн үедээ амжилт олоогүй.
Энэ хугацаанд төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөцашигласны тусгай төлбөрөөр шийдэх нь илүү тохиромжтой арга зам байж болохоор харагдаж байна.
Дээр дурдсан ордуудыг ашиглаж байгаа болон ашиглалтад бэлтгэгдсэн төлөв байдлыг анхаарч үзвэл хувьцааны ногдолоор баялгийн санд орлого төвлөрүүлэх найдвар ба боломж эргэлзээ төрүүлэхээр байна.
Намгарын АЛГАА,Тэргүүлэх аудитор