М.Дагва: “Оюу толгой”-н гэрээ асар муу гэсэн попролт олон жил үргэлжлэв, энэ төсөл хэд хэдэн мөчлөг дамжина
6 Цагийн өмнө
158
М.Дагва: “Оюу толгой”-н гэрээ асар муу гэсэн попролт олон жил үргэлжлэв, энэ төсөл хэд хэдэн мөчлөг дамжина

ШУТИС-ийн багш, Монголын Критикал Минерал Ассиоциацын Удирдах зөвлөлийн гишүүн М.Дагватай хөрөнгө оруулалтын орчин, ирэх сард болох “Оюу толгой”-н нээлттэй сонсгол, тус компанийн гүйцэтгэх захирлаар анх удаа монгол хүн томилсон нь ямар өөрчлөлт, үр дүн авчрах талаар  ярилцав.    

С.МӨНХСҮХ "ОЮУТОЛГОЙ"-Н СЕО БОЛСНООР МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ  КОМПАНИЙГ УДИРДАХ ЖИМИЙГ ГАРГАЛАА  

-Манай мега төслийн нэг болох “Оюу толгой” компани анх удаа монгол захиралтай боллоо.

-Олон тэрбум ам.долларын орлоготой компанийг анх удаа монгол захирал удирдах боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн орлого нэг тэрбумд хүрдэг. Гурван тэрбум ам.долларын орлого гэдэг бол дэлхийд орлогоороо тэргүүлэх эхний 3000 компанид багтана.  
 
Цаашдаа “Оюу толгой”-н зэс үйлдвэрлэл өсөхөд зэсийн үнэ өнөөдрийнх шиг өндөр байвал шинэ захирлын үед жилийн орлого нь 10 тэрбум долларт хүрэх нөөц боломж бий. 10 тэрбумын орлого бол дэлхийд эхний 1200-д орох компани гэсэн үг. Тэгэхээр С.Мөнхсүх гэдэг хувь хүн, 20-р зууны Монгол Улсад төрж, өссөн монгол хүний хувьд дэлхийн том компани удирдах анхны тохиолдол байж магадгүй. Энэ утгаараа цаашид монгол хүн дэлхийд эхний 500, 100-д орох компани удирдах жим гарч эхэлж байна.  

Том компани удирддаг СЕО том өөрчлөлт авч ирж байж хүлээн зөвшөөрөгддөг. “Оюу толгой” хэдий том компани ч Рио Тинто групп менежментийг нь хийж буй тул Оюу толгойн гүйцэтгэх захирал том өөрчлөлт санаачилж хэрэгжүүлээд, түүгээрээ товойж гарч ирэх боломж хязгаарлагдмал.

Өмнөх гадаад захирлуудын хувьд асуудал арай өөр. Мэдээж өндөр чадвартай хүмүүс сайн ажилласан байж таараа. Гэхдээ түүхэн үүрэг нуруун дээр нь бууж ирээгүй тохиолдолд том эрсдэл үүрэх эсэх нь тухайн хүний сонголт. Бага сага гадарлахын хувьд мань хүнийг ростерийн СЕО төдийгөөр цагаа өнгөрөөхгүй байх.

Аль нэг үндэстний төлөөлөл том компанийн удирдлагад анх ирээд,  анхдагчийн хувьд том асуудлыг амжилттай шийдэж, өв үлдээх тохиолдол харьцангуй олон. Түүний легасигаар тухайн үндэстний төлөөллийг захирлаар томилох сонирхол нэмэгддэг нь 2014 онд томилогдсон Microsoft-ийн Сатия захирлын араас Гүүгл, Adobe, Meta  зэрэг олон компанийн удирдлагад энэтхэг гаралтай хүмүүс гарснаас харагддаг. Дэлхийн топ компани удирдаж буй хүмүүсийн нөлөөгөөр төрсөн эх оронд хөрөнгө оруулалт нэмэгддэг жишээг ч Энэтхэгээс харж болно.  

Том бизнесийг сайн удирдаж буй CEO нарыг тухайн салбар болон тухайн улсад хөрөнгө оруулалт татагч элчин сайдууд гэхэд буруудахгүй. Тиймээс энэ томилгоог зөвхөн Засгийн газар, "Оюутолгой" хооронд үүссэн асуудлуудыг шийдэхэд оролцогч төдийгөөр харахгүй байгаа. 

-УИХ-ын Хянан шалгах түр хороо ирэх сард нээлттэй сонсгол хийж, гурван өдрийн турш “Оюу толгой”-г хэлэлцэх гэж байна. “Оюу толгой” уул уурхайн салбар төдийгүй манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч.

-Өнөөгийн хөрөнгө оруулалтын нөхцөлийг ярилцъя. Яг тухайн цаг үед хэрэгжиж буй төслүүд тухайн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар хамгийн бодитой үзүүлэлт болдог. Нөгөө талаар эхний, том хөрөнгө оруулалт мөс хагалж, дэд бүтэц, ханган нийлүүлэлтийн сүлжээ бүрдүүлж, ажиллах хүч, хөрөнгө оруулагчтай ажиллах соёл бий болгодог.

Иймээс шинэ улс руу түрүүлж орох бус, харин хэн нэгний араас дагаж, бэлдсэн орчинд орж ирэх сонирхолтой хөрөнгө оруулагч олон. 

Ялангуяа мега хөрөнгө оруулалт хүлээж авсан улсын эрхзүйн орчин  бүрдэж, татварын орчин, хэлэлцээний соёл зэрэг нь дэлхий нийтийн жишиг рүү дөхдөг. Маргаан шийдвэрлэх жишиг ч тогтоно. Эхэлж орсон хөрөнгө оруулагч дахин хөрөнгө оруулж байгаа бол түүнээс сайн дохио гэж юу байх вэ. 

-Засгийн газар Рио Тинто групптэй хэлэлцээ эхлүүлэв. Тус групп бусад охин компаниудаасаа менежментийн талбөр авдаг уу? Тэр нь Оюу толгойнхоос өөр хэмжээтэй юу?

-Бизнест хамтрагч талууд дундаа компани байгуулахад тухайн компанийн үйл ажиллагааг хариуцан эрхэлж байгаа тал нь голлон менежментийн төлбөр авдаг.  

Ихэнхдээ тогтмол дүн тохирдог. Уул уурхайн том төсөлд менежментийн төлбөр магадгүй “Оюу толгой”-д анх хэрэглэгдсэн байх. Улс дамнасан том корпорацуудад “Техникийн Үйлчилгээний Төлбөр” гэж салбар компаниудаасаа болон хамтарсан компаниудаасаа татдаг, техникийн экспертиз, инженерийн мэдлэг туршлага, корпорацын нэмэлт зардлуудын төлбөр байдаг гэх мэдээлэл харж байсан.  

Бас бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд ашиг хуваахын өмнө хайгуул, бүтээн байгуулалтын зардал гаргасан тал түүнийгээ тодорхой хуваариар суутгадаг. Тиймээс уул уурхайн төсөл удирдахад менежментийн төлбөрийг ингэж тогтооно гэсэн жишиг тэр болгон ил биш, талууд  хэлэлцээрээр тохирдог.  

-Засгийн газрын Рио Тинтотой эхлүүлсэн хэлэлцээний талаар та ямар бодолтой байна вэ. 11.1 хувьд хүрсэн зээлийг хэдэн болгох нь зохимжтой вэ?

-Зээлийн хүүг эрс бууруулах боломж бүрдсэн гэж Засгийн газар саяхан зарласан. Энэ асуудал ойрын хэдэн жилдээ эсвэл ер нь цаашдаа дахин сөхөгдөхгүйгээр шийдэгдэж байна гэсэн хүлээлттэй байна. Асуудлыг бүр сууринаас нь хөөвөл Оюу толгой төслийг анх хэрэгжүүлж эхлэх үед уг төслийг эзэмшиж байсан Ivanhoe Mines компани болон Риогийн хямд санхүүжилт босгох чадвар харилцан адилгүй байсан.

Манай улс Рио Тинто компанитай түншилсэн нь нэг талаар уг компанийн хямд хөрөнгө босгох чадварыг харгалзсан байх. Өнөөдөр Бүгд Найрамдах Конго улсад, дэлхийд дээгүүрт орох Камао-Какула ордыг ашиглалтад оруулсан “Ivanhoe” компанийн Standart &Poors хэмээх зээлжих зэрэглэл тогтоодог компаниас авсан үнэлгээ нь  B байна.  

Зээлийн бүтэц нь SOFR+6.5 хувь буюу дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн нөхцөлөөс хамаардаг.  

SOFR нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан, нэг шөнийн санхүүжилтийн хүү (Зээлийн бөөний хүү) бөгөөд дээшээ доошоо хөдөлж байдаг.  Зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8 хувь байсан бол хамгийн багадаа 6.5 хувь байжээ. SOFR зарим жилүүдэд бараг 0 хувь ч байсан. 2023 онд 4 хувь давснаар сүүлийн гурван жилд бодит хүү 10 хувийг давлаа. 

Тэгэхээр 8-9 хувийн хүүтэй зээл олдох байх. Рио Тинто А зэрэглэлтэй тул тав орчим хувийн хүүтэй зээл дээр бууна. Гэхдээ Рио манайд хэрэгжих төсөлд зээл авах тохиолдолд манай улсын ВB- зэрэглэл нөлөөлж, 8-9 хувь руу өсөх магадлалтай.  


 
Манай Засгийн газар ба Рио Тинто эээлийн хүүг хэд хүртэл буулгаж тохирохыг баримжаалахад дээрх мэдээлэл миний хувьд индикатор болж буй. Манай улсын зээлжих зэрэглэл цаашид Өмнөд Африк шиг BB, бүр Индонези шиг BBB болбол зээлийн хүү харгалзан 7, бүр 6 хувь ч болох боломжтой. Гэхдээ зээлийн хүү дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарна.     
 
Манай улс эдийн засгаа өсгөж, чанаржуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бол дээрх механизмтай уях, итгэлгүй байгаа бол багавтар бөгөөд зээлжих зэрэглэл дагаж хөдлөхгүй, хатуу дүн дээр тохирохыг зорьж байгаа байх.  

-Менежментийн төлбөрийг эрс бууруулъя, засаглалыг сайжруулъя гэж манай талаас тавьсан санал хэрэгжих боломжтой юу?

-Бүтээн байгуулалтын зардлын 3, үйл ажиллагааны зардлын 6 хувьд оногдох менежментийн төлбөрийг авдаг. Дундаа нэг уул уурхайн төсөлтэй хоёр тал тохиролцож шийднэ. Олон асуудлыг тал талаас нь харах шаардлагатай.  

Юуны түрүүнд капитал болон эрсдэлээ хэрхэн хуваалцах асуудал бий. Хувь нийлүүлэгчийн гэрээ анх байгуулахдаа хувь эзэмшилдээ тааруулан хуваалцах зарчим барьсан. 2021 оны төгсгөлөөр “Эрдэнэс Оюу Толгой”-н 34 хувьд ногдох өрийг тэглэснээр капитал, эрсдэлийг Риод бүрэн үүрүүлсэн гэж үзэж болно.  

Мөн хяналт, засаглал байна. Тухайн төслийн талаарх стратегийн шийдвэрүүдэд нөлөөлөл үзүүлж чадах, эсэхийг харна. ТУЗ-д суудалтай, том ба жижиг хувьцаа эзэмшигчийн хоорондын эрх мэдлийн тэнцвэрийг хадгалсан тогтолцоо  ажиллаж байна.  
 
Үйлдвэрлэл, хүчин чадал өргөтгөх эсэх, үр дүнг сайжруулах зэрэг техник, санхүүгийн хяналт тавих чиглэлд “Эрдэнэс Оюу Толгой” хэмээх бүтэц алдаа оноотой ажиллаж байна.  

Газрын доорх нөөцийг авч ашиглах баталгааг хангах асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээгээр ерөнхийдөө шийдэгдсэн, гэхдээ тусгай зөвшөөрлийн талбайтай нь хил залгаа талбай дахь нөөцтэй холбоотой зүйлс сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. 

Ашиг орлогоо хуваах. Хөрөнгө оруулж, эрсдэл үүрч байгаа Рио Тинто хувьцаа эзэмшигчдэдээ баталгаатай, тогтвортой ногдол ашиг хуваарилах талаас асуудлыг харна. Манай Засгийн газар төсөвт орох мөнгө, татварын орлогоо харна. Нөгөө л Хөрөнгө оруулалтын гэрээгээр хамгаалагдсан харилцаа юм. 

БОНЗ, нэр хүнд, улс төр, тухайн орны эрх ашгийн асуудлууд байна. Энэ удаад эдгээр асуудлыг дэлгэрүүлж ярилгүй алгасъя. 

Би яагаад дээрх зүйлсийг дурдав гэхээр нэг талаас “Оюу толгой”-н гэрээ асар муу гэсэн  попролт олон жил үргэлжлэв. Энэ төсөл эхлэх, хүчээ авах, тогтворжих, магадгүй цаашид тэлэх, эсвэл үйл ажиллагаа нь хумигдах, хаагдах гэх мэт маш олон мөчлөг дамжина. Тухай бүрд гэрээний аль нэг асуудал хөндөгдөж, аль нэг заалт илүү тодорч харагдах нь дамжиггүй.  

Өнөөдөр төслийн зардал өндөр, орлого нь нэмэгдэж амжаагүй байхад менежментийн үйлчилгээний төлбөр гэх зүйл Засгийн газрын анхаарлыг илүү татаж байна. 
 
Тэгвэл Риогийн талаас анхаарлыг нь илүүтэй татаж байгаа зүйл энэ мөчид юу байна вэ? Түүнтэй нь эвтэйхэн уялдуулж харилцан ашигтай байдлаар асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Менежментийн үйлчилгээний төлбөр байна гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд, түүндээ юуг оруулж, хэрхэн тооцохоо Хувь нийлүүлэгчийн гэрээнд заачихсан. Хөрөнгө оруулалтын гэрээг хөндөлгүйгээр менежментийн төлбөрийг зохицуулах боломж нээлттэй байгаа. 

ТОМ ОРД ОЛДВОЛ ХАЙГУУЛЫН БУСАД КОМПАНИУД УРАЛДАЖ ОЧИН,  ТОЙРООД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ, АЗАА ҮЗЭХ НЬ ОЛОН УЛСАД ТҮГЭЭМЭЛ 

-2025.12.08-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн  талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар сонсгол болно. Эдгээр тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгөөч.

-Хайгуул хийж орд олох ажил бол их мөнгөөр тоглож буй том эрсдэл байдаг. Тиймээс хаа нэгтээ ямар нэг том орд олдвол хайгуулын бусад компаниуд уралдаж очоод тойруулаад тусгай зөвшөөрөл авч азаа үзэх явдал олон улсад түгээмэл. Нэг бол өөрсдөө хайгуул хийж, аз таарвал зэргэлдээ ордыг нь олно, үгүй бол нөгөө том орд олсон компани ордоо мөрдөж явсаар лицензийн хилдээ тулж ирээд хөрштэйгээ тохирно. 
 
“Оюу толгой”-д хоёр дахь хувилбар тохиолдсон. “Туркойз Хилл” компани хөрш “Онтрэ” гэж компанитайгаа 80/20 орчмоор тохирсон. 

“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “Туркойз Хилл” буюу Рио Тинто эзэмших тохиолдолд ордын 34 хувь автоматаар Засгийн газрын мэдэлд ирнэ гээд заачихсан. Тиймээс одоо “Онтрэ” компанид үлдсэн хэсгийн 34 хувийг эзэмших асуудал бий. "Онтрэ”-тай манай Засгийн газар  шууд ярих, эсвэл Риог  давхар оролцуулах гэх мэт  техникийн асуудлууд байгаа байх. 

Өмнө дурдсанчлан УИХ ирэх 5-20 жилийн Монгол Улсын макро-эдийн засгийн төлөв, тулгарах эрсдэлүүдэд стратегий дүн шинжилгээ хийж, улсын зээлжих зэрэглэлээ таамаглан, эдийн засагт тулгарах эрсдэлүүдээ харгалзаж, "Оюу толгой” болон цаашид хэрэгжих уул уурхайн бусад төслүүдэд санхүүжилт татах8 хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлж, дүгнэлт хийх түвшинд ажиллаж чадвал сонсголоос үр дүн гарна.  
 
Өнөөдөр тогтчихоод буй 11 хувийн хүүг механикаар буулгах явцуу хүрээнд асуудлаа хайрцаглаад ирээдүйд гарах эрсдэлийг нэмэгдүүлчих вий. 2012-2014 оны үед нүүрсний үнэ өссөн хэмээн “Чалко”-гийн “Эрдэнэс Тавантолгой”-д  хийсэн үнэ тооцох механизмыг өөрчилсний дараа үнэ унаж, ихээхэн хохирол амссан.

"Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг анх хийх үед УИХ хэт хайрцагласан тогтоол гаргасан нь Засгийн газарт оновчтой хувилбар сонгож, хэлэлцээр хийх боломж олгоогүй гэх шүүмжийг тухайн үед албан тушаал хашиж байсан хүмүүс өнөөдөр хэлж байгааг анзаарах ёстой. 

-“Гол асуудал тэр 34 хувьд бий. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг оруулах хөрөнгөгүй байж бид гаднын компанийн хувьцааны 34 хувийг авдаг нь буруу болсон” гэж С.Баяр гуай үздэг. Та үүнтэй санал нэгдэх үү?  

-“Оюу толгой” компани дахь 34 хувийг үнэгүй эзэмшихээр 2021 онд тохирсноор ногдол ашгаа Рио Тинтотой зэрэг хүртэж эхлэх боломж бүрдсэн. Иймд компанийн үйл ажиллагаа, шийдвэрт нь хяналт тавих боломжоосоо яаран татгалзах шалтгаан үгүй болсон байх.   
 
Ташрамд хэлэхэд, 2021 оны шийдвэрт Риогийн Зэсийн группийг тухайн үед удирдаж байсан Б.Болд захирал, Риогийн системд нэр төртэй ажиллаж байсан монголчууд түүхэн бөгөөд том үүрэг гүйцэтгэснийг бид марталгүй санаж, талархах нь зүй.  
 
Тухайн үндэстний бие хүмүүс олон улсын том байгууллага, том корпорацад голлох үүрэгтэй байхын нөлөөг үгүйсгэх аргагүй гэж таны анхны асуултад хариулахдаа хэлсэн санаагаа давтмаар байна. 

-34 хувиас татгалзаж, АМНАТ-аа нэмэх хэрэгтэй гэдэг. Хуулийн тийм бололцоо өнгөрсөн жилээс бидэнд нээгдсэн гэжээ. Ямар хууль юм бол?   

-Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын АМНАТ-аар орлуулж болно” гэдэг өгүүлбэр нэмсэн. Энэ заалтыг манай Засгийн газар “Онтрэ” дээр хэрэглэх байх гэдэг хүлээлт байна. 

-Та Чухал ашигт малтмалын ассоциацыг дөрвөн жилийн өмнө байгуулж, уул уурхайн гадаад орчныг анзаарч ажиглаж байдаг. Саудын Араб гэх мэт эрдэс баялаг ихтэй орнууд хөрөнгө оруулалт татахын тулд ямар ажлууд хийж байна вэ?   

-2024 оны дүнгээр дэлхий дахинд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 1.4 орчим их наяд ам.доллар байсан. Өмнөх жилээсээ бараг 8 хувиар буурсан. Ялангуяа хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт буурсан нь манайд сөргөөр нөлөөлөх хандлагатай.   

Үсрэнгүй хөгжихийн тулд 2025-2035 оны хооронд ГШХО-г жилд 5.0 тэрбумаас буулгахгүй байх, болж өгвөл 10 тэрбум хүргэх нь манай улсын стратегийн зорилт.

Сонирхолтой нь, 1.4 их наяд долларын бараг нэг их наядыг нь 10 орон хуваагаад авчихжээ. Топ 30 орноор жагсаавал Польш 30 дээр, жилдээ 15 тэрбум долларын хөрөнгө татжээ. Эдгээр 30 орон нийт 1.36 их наяд доллар татаад, бусад 160 гаруй улс үлдсэн 40 хүрэхгүй тэрбум доллар буюу үртсэн дээр нь зодолдсон дүр зурагтай байна.  

Манай ГШХО 2005 оны үед хайгуулын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 300 сая орчим ам доллар байснаа “Оюу толгой”-н нөлөөгөөр 1.0 тэрбум, 2011-2012 онд 5 тэрбум дөхөөд, 2015 онд буцаад, арван жилийн өмнөх рүүгээ унаж, 2017 оноос хойш 2.5 орчим дээр байна. Үсрэнгүй хөгжихийн тулд, 2025-2035 оны хооронд ГШХО-г жилд 5.0 тэрбумаас буулгалгүй, болж өгвөл 10 тэрбум хүргэх нь манай улсын стратегийн зорилт байхаар харагдаж байна. 

Саудын Арабыг бид газрын тосны орлого ихтэй, ГШХО шаардлагагүй улс гэж төсөөлж магадгүй. Газрын тосны салбар огцом тэлсэн 2005 оны үед 20 орчим тэрбум долларын ГШХО орж байснаа 2013 он хүртэл аажмаар бууж, 10 тэрбум болсон.

2016 онд “Алсын Хараа 2030”-аа баталж, эдийн засгаа төрөлжүүлэх төслүүд хэрэгжүүлснээр 2024 оны дүнгээр эргээд 20 тэрбумд хүргэсэн. 2020 онд Уул уурхайн хөрөнгө оруулалтын хууль баталж, хайгуулыг эрчимтэй дэмжсэн, хүнд суртлаа арилгасан зэрэг их ажил хийж байгааг бид өнгөрсөн нэгдүгээр  сард Future Mineral Forum-д нь оролцох үеэрээ сонсож, газар дээрээс нь харцгаасан.   

-Тэдгээр нь бодит үр дүнд хүрч байна уу?

-Тэд 2030 он гэхэд уул уурхайг эдийн засгийнхаа гурав дахь том тулгуур болгохыг зорьжээ. 200 мянган шинэ ажлын байр бий болгоно. Одоо дэлхийд хөрөнгө оруулахад хамгийн таатай эрхзүйн орчинтой улсад тооцогдож байна.  
 
Хууль батлагдсанаас хойш ашиглалтын лиценз нь 140 хувиар өссөн, дэлхийн топ уул уурхайн компаниуд бараг бүгд тус улс руу орчихлоо. Критикал минерал, үүн дотроо газрын ховор элементүүд, батарейн түүхий эдийн чиглэлээр олборлох, боловсруулах үйлдвэрүүд олныг барих хүлээлттэй байна.  

-Зэсийн үнийн ирэх оны, ойрын төлөв ямар байх вэ?  
-Зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ ойрхон тогтоод байна. Тонн нь 11 мянган ам.доллар орчим. Урт хугацаанд хэрэгцээ нь улам нэмэгдэх тул алсдаа үнэ өснө гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн.  
 
Богино, дунд буюу 2-3 жилийн таамаг гаргадаг газрууд ерөнхийдөө хэлбэлзэлтэй байна гэцгээж. Гутранги, хашир талынхан 10-11 мянга гэж, өөдрөгүүд нь 13-14 мянган ам.долларт гэсэн таамагтай байна. 

-2028 оноос Монголчуудын амьдрал дээрдэнэ гэсэн хүлээлт, горьдлого надад байдаг. Учир нь “Оюу толгой”-н гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ураны баяжмалаа экспортолж эхэлнэ.

-Би эрсдэл, боломж аль аль нь байна гэж хардаг. Нүүрсийг эрсдэл, зэс, алт, критикал минералыг боломж дагаж байна. Манай улсын гаргах шийдвэрүүд, шийдвэр гаргах хурд, хөрөнгө оруулалт татах чиглэлд хэр эрчимтэй ажиллахаас бүх зүйл хамаарна. 

-Танд баярлалаа. 

Эх сурвалж: Б.Эрдэнэчимэг, GOGO.MN

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.