Эрдэнэт үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа
6 Цагийн өмнө
101
Эрдэнэт үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Уул уурхай-Металлурги-Химийн үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг 2019 оноос эхлэн, шат дараатай хэрэгжүүлж байна. Төслийн Техник, эдийн засгийн үндэслэл, Хөгжлийн төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Техникийн үнэлгээ, Геоэкологи, гидрогеологийн судалгаануудыг 2020-2021 онд боловсруулж батлуулснаар Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.

2022 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 47 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхлүүлжээ. 2023–2025 онд 4.4 км төмөр зам, 25.6 км цэвэр усны шугам, 500 м³-ын хоёр усан сан, насос станц, 23.8 км ариутгах татуургын сүлжээ зэрэг инженерийн байгууламжийг ашиглалтад оруулсан.

Одоо 12.6 км авто зам, 220/110/35 кВ-ын 2х200 МВА дэд станц, цахилгаан дамжуулах 24 км шугам, төмөр замын хоёрдугаар ээлжийн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд 2026 онд бүрэн дуусгах төлөвтэй байна.

Парк байгуулагдсанаар зэсийн баяжмал хайлуулах, молибден боловсруулах, кабель утасны үйлдвэрүүд, цаашлаад катодын зэсийг гүн боловсруулсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрийн төв Орхон аймагт бүтээн байгуулагдах юм.

Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.