Засгийн газраас Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олгосон. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, Техник эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Гэрээний дагуу уг ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны эхний улиралд эхлүүлнэ.
Эргэн сануулахад, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр байгуулсан билээ.