Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн 2023 оны есдүгээр сарын 3-нд ашиглалтад оруулсан билээ. “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.
Манай улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг илтгэнэ.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.