Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
2 Өдрийн өмнө
39
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замаар анхны аж ахуйн галт тэрэг аяллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.08.29) “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженерүүдийн хамт шинээр баригдаж буй Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замаар анхны аж ахуйн галт тэргийг аялуулж, бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт шалгалтыг хийж ажиллалаа. Ингэхдээ салбарын сайд 1700 тоннын даацтай, 20 вагон ачаатай аж ахуйн галт тэргээр төслийн трассын дагуу зорчиж, төмөр замын далан, дээд бүтцийн угсралт, гүүр, хоолойн ажлууд, малын гарц болон бусад инженерийн байгууламжийн хийц, чанар, зураг төслийн шийдэлд илүү нарийн түвшинд хяналт тавьж ажиллав.
 
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдох төмөр замын салбар шугам юм.
 
Энэхүү төмөр замын төслийн үндсэн шугамын урт нь 127.1 км бөгөөд дөрвөн өртөө, гурван зөрлөгтэй байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хоёр үе шаттайгаар хариуцан хэрэгжүүлж байна.
 
Энэ удаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн нэгдүгээр үе шат буюу Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 91 км төмөр замын барилга угсралтын ажлын явцтай ийнхүү биечлэн танилцлаа. Энэ хүрээнд төмөр замын газар шорооны ажил, таван байршилд баригдаж буй төмөр бетонон гүүр, ус зайлуулах хоолой болон төмөр замын дээд бүтцийн угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.
Мөн төслийн 43 дахь километрт байрлах 176 метр урт, 22 метр өндөр гүүрээр анхны аж ахуйн галт тэргээр зорчиж, гүүрийн хийц, угсралтын чанар болон төмөр замын дээд бүтцийн ажлын явцыг газар дээр нь шалгаж ажиллалаа. Энэ үеэр мөн трассын дагуух малын гарц, гүүр, хоолойн хийц, төмөр замын зураг төсөл, трассын шийдэл, далангийн өндөр болон эдийн засгийн тооцооллын талаар инженер, мэргэжилтнүүдтэй санал солилцов.
 
Төслийн талбайд ажиллах үеэр трассын зам дагуух зарим хэсэгт алаг цоог борооны ус тогтсон боловч ус төмөр замын далан руу нэвтрээгүй, харин ус зайлуулах суваг, шуудуугаар хэвийн урсаж шингэсэн байдал нь Монголын төмөр замчдын барьсан далан ухмал болон төмөр замын ус зайлуулах байгууламжийн шийдэл, гүйцэтгэлийг бодитоор шалгаж байна хэмээн ажлын хэсгийнхэн ярьж байлаа.
Мөн энэ үеэр салбарын сайд бороо, үерийн уснаас төмөр замын далан болон замын бүтцийг хамгаалах арга хэмжээнд давхар хяналт тавьж ажиллахыг холбогдох инженер техникийн ажилтнуудад даалгалаа.
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын трассын дагуу нийт есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгсэл болон ус нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
 
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын бүхий л үе шатанд үндэсний 90 гаруй аж ахуйн нэгж, компани туслан гүйцэтгэгчээр ажиллалаа.
 
Монголын инженер, техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүч хөдөлмөрөөр өнөөдөр төмөр замын далан, гүүр, хоолой, бусад инженерийн байгууламжийг барьж байгуулах чадавх бүрдсэн нь энэ төслийн бүтээн байгуулалтаас харагдаж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцолж байлаа.
 
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр буюу 1,5 сая хүн ам сууршсан бүсүүдээр тэсэрч дэлбэрэх, хортой бодис бүхий 34 нэр төрлийн аюултай ачааг тээвэрлэхгүй, хотын гадуур буюу Богдхан уулын урдуур тээвэрлэх, ард иргэдийн төдийгүй улс орны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Мөн Улаанбаатар төмөр замын сүлжээний уялдаа холбоо сайжрахын хэрээр нийслэл хотын түгжрэлийг 30 хувиар буурах ач холбогдолтой төсөл юм.
 
Эх сурвалж: Зам, тээврийн яам
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.