Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
23 Цагийн өмнө
97
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулагдаж буйг тохиолдуулан “COP17” сэдэвт дурсгалын шуудангийн маркийг олон нийтэд танилцуулах ёслол боллоо. Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Диао, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, тус компанийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн нар оролцож, маркийн эх зургийн хөшгийг нээлээ.
 
Мөн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Монгол Маркийн музейд хадгалах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тусгай дардас дарав.
 
Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх марк болох энэхүү бүтээлийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор Мазаалай буюу Говийн хүрэн баавгай (Ursus arctos gobiensis)-г алманцагийн хамт дүрсэлжээ.
 
СОР17 хурлын хүрээнд Монгол орныг зорин ирж буй зочид, төлөөлөгчид дурсгал болгон хадгалж болох жижиг боловч маш өргөн утга агуулгатай бүтээл гэдгийг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцлов. Монгол орны биологийн олон янз байдал, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлага, ач холбогдлыг илэрхийлж байгаагаас гадна маркийн загварт COP17-ийн албан ёсны лого болон сэргээн ургаж буй ургамлыг дүрсэлсэн. Энэ нь газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэджээ.
“COP17” сэдэвт маркийн зураачаар Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.