Хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ач холбогдлыг онцоллоо
15 Цагийн өмнө
44
Хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ач холбогдлыг онцоллоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкартай хийсэн албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрлөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жил болж байна. Харин Монгол, Энэтхэгийн шашин, соёлын хэлхээ холбоо өнө эртнийх. Тийм ч учраас Энэтхэг бол бидний “оюун санааны” хөрш юм.
Энэхүү айлчлал нь манай хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болж байна.
 
Өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцааны 70 жил, Стратегийн түншлэлийн 10 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад төрийн айлчлал хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн.
Хэлэлцээний үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хүний нөөцийн хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ач холбогдлыг онцолж, Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийллээ.
 
Түүнчлэн тээвэр, логистикийн шинэ боломжуудыг ашиглах, агаарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Улаанбаатар-Дели чиглэлийн шууд нислэг нь иргэдийн солилцоо, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.
Боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, англи хэлний сургалт, багш бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болов. Мөн мал аж ахуйн салбарт ухаалаг технологийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв.
НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжихийн төлөө нягт хамтран ажиллахаа нотоллоо.
Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, Стратегийн түншлэл цаашид улам батжин бэхжиж, хоёр улсын ард түмний хөгжил дэвшилд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.