“Манай хэсэг бол Эрдэнэт үйлдвэрийн зүрх нь” хэмээн тэрээр бахархан ярина. Ил уурхайгаас ирсэн хүдрийг тээрэмдэн нунтаглаж, хөөсрүүлэн баяжуулж “Хөвүүлэн баяжуулах машин бол зогсох эрхгүй” гэх түүний үгнээс мэргэжлийнх нь хариуцлага мэдрэгдэнэ. Тэрээр арван хүнтэй багийг удирддаг. “Өглөө эрүүл ирсэн бол орой эрүүл харих ёстой” гэдэг нь түүний ажлын алтан дүрэм.
Үүр цайхаас өмнө, өглөөний таван цагт А.Бямбасүрэн инженерийн шинэ өдөр эхэлдэг. Эрдэнэтийн хүйтэн жавар, эсвэл зуны дэлгэр цагт аль нь ч бай тэрээр улс орныхоо эдийн засгийн "цусны эргэлт" болсон их үйлдвэр рүүгээ ажилдаа гарна. Тэр бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн механик инженер. Тодруулбал, ил уурхайгаас ирсэн хүдрийг бутлаад, тээрэмдээд, нунтаглаад, хөвүүлж баяжуулдаг хэсэг. Эндээс шүүн хатаах хэсгээр дамжин Улаанбаатар-Замын Үүд гээд экспортын бүтээгдэхүүн замдаа гардаг. Хөвүүлэн баяжуулах машин тасралтгүй 24 цаг ажилладаг бөгөөд тус машиныг найдвартай, зогсолтгүй ажиллуулах нь түүний үүрэг.
Тоног төхөөрөмжийн засварчин, ээлжийн мастер гээд мерит зарчмаар ажиллаж байгаа цөөнгүй хүний нэг нь А.Бямбасүрэн инженер. Ээлжийн амралтаа аваагүй л бол Эрдэнэт хотоос 40 км-ээс илүү холдож болохгүй, утас байнга асаалттай байх дотоод журмаа мөрдөж ажилладаг тэрээр энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоод 19 жил болжээ. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрээр гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулахыг эрмэлздэг нэгэн аж.
Яриа болгондоо “Хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал. Монгол хүний гэр бүлийн хүмүүжил ажлын байран дээр харагддаг. Ажлыг заагаад сургаж болно. Нийгэм өөрчлөгдөж болно. Харин гэр бүлийн хүмүүжил өөрчлөгдөх хэцүү. Тухайн хүний суурь хүмүүжлээс ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх сэтгэл, хандлага харагддаг. Бидний нэг давуу тал нь уурхайн хажууд гэр бүл нь байна. Ажлаа тараад гэртээ ирэх, гэр бүлтэйгээ хамт байх хамгийн сайхан мэдрэмж. Ихэнх уул уурхайд ажилладаг хүмүүс 14 хоногийн ээлжээр гэрээсээ, гэр бүлээсээ хол явж ажиллаж байна. Энэ чинь хүний амьдралд, залуу хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлнө шүү дээ. Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Үүнд бас нөлөөлж байгаа гэж боддог. Харин бид гэр бүлийнхээ хажууд нь ажиллаж байгаа учраас энэ нь бидэнд хамгийн том давуу тал болдог” хэмээн хэлэх үг бүртээ л гэр бүлтэйгээ хамт байх тухай ярих нь сэтгэлд дулаахан.
Амьдралын зарчим нь нэгдүгээрт, эрүүл байх ёстойг ч тэр хэлж байв. Учир нь нэг хүн өвдөхөд эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохирхоос гадна эргэн тойрны хүмүүс гэр бүлээс эхлээд бүгдэд нөлөөлдөг учраас тэр. Эрдэнэт үйлдвэр рүү нэвтэрсэн хэнбэгуай ч ХАБЭА-н зааварчилгаа аваад хувцас хэрэглэлийг бүрэн өмсөж ордог. Мөн өглөө бүр ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч тэр өдрийн ажлын үүрэг, даалгавраа өгдөг тэрээр “Хүн өдрийн найман цаг ажиллахаас илүү дуу чимээнд их ядардаг. Тиймээс ажлын хамгаалах хэрэгслүүдээ бүрэн өмсөж, зүүгээд хэрэглэхээр шал өөр. Жишээ нь, чихэвч дуу чимээг 30-50 хувь хүртэл бууруулдаг. Харин чихэвчгүй хоёр цаг болоод л ядарна. Тиймээс хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглээд ажлаа хийх хэрэгтэй”-г өглөө бүр сануулж, ажилтнуудынхаа тэр өдрийн сэтгэл санаа, ажилдаа ирсэн байдлыг ажигладаг байна. Учир нь хүний л амьдрал учраас хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Хэн нэгэн нь сэтгэл санаа тавгүй, уур бухимдалтай, стресстэй ирвэл тэр ажилтныхаа ажлын ачааллыг бууруулах, хэт өндөрт ажиллуулахгүй байх, анхаарал төвлөрөл шалгасан ажлыг бууруулах, ярилцах зэргээр шийдвэрлэхийг хичээдэг аж.
Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж Орхон аймгийн Засаг даргаас аймгийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авсан юм. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн захирал, үйлдвэрийн дарга ажилтнууд ямар ч мэдээлэл өгөхөөс өмнө аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг танилцуулж байгаагаас үйлдвэрийн орчинд гэлтгүй хүний амьдралд, алхам бүрд аюулгүй ажиллагаа, аюулгүй амьдрах ямар чухал болохыг алхам тутам сануулна. Үүнээс гадна жилдээ нэг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдчихдаг үйлдвэрийнхэн энэ жилээс хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ нэмэгдсэнд талархууштай байгаагаа дурдаж байсан юм.
“Ээж эрхлүүлээгүй, сургуульд сур гээд сумын төв рүү явуулчихсан”
А.Бямбасүрэн инженер Увс аймгийн Сагил сумын уугуул. Хэдийгээр малчин болох хүсэлтэй хүү байсан ч ээжийнх нь “Эрдэм номтой хүн болоорой” гэсэн хатуухан бөгөөд хайр дүүрэн шаардлага түүнийг Дарханд арван жилээ, улмаар Эрдэнэтэд ШУТИС-ийн салбар сургуулийг механик инженерээр төгсөх зам руу хөтөлжээ. Түүний аавын дүү нар Эрдэнэт үйлдвэрийн анхны “илгээлтийн эзэд” байсан бөгөөд тэднийг дагаж уурхайчин болох мөрөөдөл нь 2006 онд биеллээ олж, магистр зэргээ хамгаалаад ажлын гараагаа эхэлж байжээ.
“Миний дөрвөн ах, нэг эгч бүгд малчин. Би бас малчин болох мөрөөдөлтэй. Найман нас хүртлээ мал маллаад гэртээ байчихсан айлын бага хүүгээ ээж эрхлүүлээгүй. Явж сургуульд сур гээд сум руу явуулчихсан. Тэр үед ээж загнаж явуулаагүй байсан бол одоо би уурхайчин болохгүй ч юм билүү” гэсэн түүний нүдэнд нулимс цийлэгнэв. Айлын бага бас сургуульд сурахгүй гэж гөжүүдлээд ээжээрээ загнуулаад эрдэм ном хөөж, өнөөдрийн уурхайчин гэх алдрыг зүүсэн түүний ээж өнгөрсөн жил бурхны оронд оджээ. Ээж хүний, эх хүний хүүгээ гэсэн хайр нь дотроо, хал нь гаднаа шийдвэр найман настай балчир хүүгээ сурч мэд, боловсролтой хүн бол гээд сургуульд явуулсан нь өнөөдрийн А.Бямбасүрэн инженерийг бий болгожээ.
Түүний том охин Анагаахын сургуулийн гуравдугаар курст суралцаж байгаа бол хүү нь аавыгаа дуурайсан инженер болох хүсэлтэйг надад хэлээд “Одоо хүү маань 10 дугаар анги. Мөрөөдөл нь өөрчлөгдчихгүй л бол аав шигээ инженер болно гэж байгаа. Намайг бага байхад Эрдэнэтэд аавын ах нар уурхай руу явж ирэх нь гоё санагддаг байсан. Тэгээд л механик инженерээр сурахаар шийдсэн” хэмээн бахархан ярина. Хамгийн бага нь энэ жил цэцэрлэгээс сургууль руу шилжиж СӨБ-оос СЕБ руу шилжсэн гэнэ. Хүүхдүүдээ сургуульд зөөхөөс эхлээд түүний арыг бат даадаг гэргий нь олны хүүхдэд боловсрол олгодог ардын багш аж.
19 жилийн турш үйлдвэртэйгээ хамт хөгжсөн тэрээр анх ажилд ороход Орос мэргэжилтнүүд удирддаг байсан бол өнөөдөр монгол залуус тэднээс дутахгүй, бүр илүү бүтээмжтэй ажиллаж байгааг бахархан хэлсэн юм. Залуучууддаа хандаж тэрээр аминчлан захисан нь “Стрессээ архиар битгий тайлаарай, амьдралын зөв хэвшил, спортоор хичээллэж, гэр бүлдээ цаг гаргах юу юунаас илүү чухал” хэмээн бид яриагаа дуусгахтай зэрэгцээд үйлдвэрээс дуудлага ирэв.
А.Бямбасүрэн инженер өөрийгөө “Яриа муутай хөдөөний хүү” гэж даруухан тодорхойлсон ч түүний 19 жил Эрдэнэтийн уурхайд зориулсан хөдөлмөр, гэр бүлийнхээ төлөөх халуун сэтгэл нь хамгийн чанга, хамгийн тод “яриа” болсон юм.
Ц.Баасансүрэн