17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо
17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт нар мэдээллээ.
17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт нар мэдээллээ. Ингэснээр 2027 оноос ногдол ашиг хувиарлах боломж хувьцаа эзэмшигчдэд бүрдэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулах, Оюу толгой төслөөс Монголчууд ногдол ашиг хүртэх зэрэг асуудлаар эцэслэн тохиролцоонд /2026.09.11/ хүрэв.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт "Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа. Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.
- Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно. Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал илэрхийлье. Монголын ард түмэнд маш их баярлалаа" гэв.
"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах тохиролцоогоо эцэслэн, гарын үсэг зурлаа.
Амаргүй хэлэлцээний эцэст ийм чухал тохиролцоонд хүрсэнд баяртай байна. Аливаа асуудлыг нухацтай ярилцаж, харилцан итгэлцэж, хамтарч ажиллавал гарц олддог. Энэ удаа ч тэглээ.
Үйлдвэрлэл ч өсөж, үүнийг дагаад удаан хүлээгдсэн асуудлуудад шийдэл олохын төлөө манай хамт олон ч их хичээж ажилласан.