Зэсийн үнийн өсөлт тогтвортой үргэлжилж байна
6 Цагийн өмнө
92
Зэсийн үнийн өсөлт тогтвортой үргэлжилж байна

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тонн нь 14,200-14,300 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Эрчим хүчний шилжилт, технологийн өрсөлдөөн, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн хомсдол, геополитикийн тодорхой бус орчин металлын зах зээлд доргилт өгсөн хэвээр. Энэ байдал зэсийн ханш тогтвортой өсөлтөө хадгалах хүчин зүйл болж байна.

Зэсийн үнийг тодорхойлогч Лондоны Металлын биржийн арилжааны үнэ өсөх хандлагатай, хэлбэлзэл ихтэй өнгөрсөн саруудыг үдлээ. Урт хугацааны зэсийн эрэлт тогтвортой өсөх төлөвтэй бөгөөд цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаан болон дата төвүүд гол хөдөлгөгч хүчин зүйл болж байна.

BMI 2026 оны дундаж үнийн төсөөллөө 11,900 ам.доллароос 12,700 ам.доллар, Macquarie 12,310 ам.доллароос 13,165 ам.доллар болгон тус тус нэмэгдүүлсэн бол Goldman Sachs 12,650 ам.долларын төсөөллөө хэвээр үлдээсэн байна.

BMI 2027 оноос зах зээл 66 мянган тонны дутагдалд орж, тус хомсдол жил бүр өссөөр 2035 онд 1.5 сая тоннд хүрнэ. Ингэснээр үнэ 17,000 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. Харин Macquarie 2027– 2028 онд жилд дунджаар 700 гаруй мянган тонны илүүдэл үүссэнээр 2027 оны 3 дугаар улиралд үнэ 11,000 ам.долларт хүртэл унана гэж таамаглаж байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн тооцоолсноор цахилгаан автомашин ойролцоогоор 53.2 кг зэс хэрэглэдэг нь уламжлалт автомашины 22.3 кг-аас 2.4 дахин их дүн юм.

Далайн салхин паркны 1 МВт хүчин чадалд ойролцоогоор 8 тонн зэс ордог бол нүүрсний цахилгаан станцад ердөө 1.15 тонн хэрэгтэй байдаг. Зэсийн хөгжлийн холбооны тооцоолсноор, дата төв ашиглалтын 1 МВт хүчин чадалд 20–40 тонн зэс шаардлагатай ажээ.

Дэлхийн зэсийн зах зээлийг бүхлээр нь харвал нийлүүлэлт талд үүсээд байсан хүндрэл үргэлжлэв. Чилийн төрийн өмчит (дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч) Коделко (Codelco) компанийн шинэ дарга Бернардо Фонтейн ойрын таван жилд тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ урьдын адилаар 1.7 сая тонн гэсэн хуучин зорилтдоо хүрэх “ямар ч боломжгүй” гэж мэдэгджээ. Тус компанийн 2026 оны олборлолт 1.3 сая тонноос хэтрэхгүй гэсэн шинжээчдийн таамгийг баталгаажуулав.

BMI дэлхийн уурхайн олборлолтын 2026 оны өсөлтийн төсөөллөө 2.8 хувиас 2.4 хувь болгон бууруулсан бол Macquarie энэ жилийн өсөлтийг ердөө 1.3 хувь, 2027 онд 4.4 хувь байна гэж тооцжээ.

Хайлуулах үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд баяжмалын хомсдол сөргөөр нөлөөлсөөр байна. 2005 оноос хойш дэлхийд шинээр бий болсон зэс хайлуулах хүчин чадлын 90 гаруй хувийг БНХАУ дангаараа бүрдүүлэв. Өөрөөр хэлбэл тус улсын дэлхийн нийт хүчин чадалд эзлэх хувь нь ойролцоогоор 15 хувиас 50 хувь болж нэмэгдсэн байна. Энэхүү тэлэлт нь баяжмалын нийлүүлэлтийн боломжоос давсны улмаас TC/RC эрс буурчээ. Хятадын хайлуулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 85 хувийг ашиглаж байгаа бол Хятадаас бусад орны үйлдвэрүүдийн ашиглалт 70 хувиас доош байна.

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.