“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэлийг хүлээн авч уулзан, шинэ ажилд нь баяр хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
УИХ-аас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болсон. Энэ хүрээнд бизнесийн болон мэргэжлийн төлөөллүүдийг нэгтгэсэн Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог өнгөрөгч 7-дугаар сард байгуулж, Г.Батцэнгэлийг ерөнхийлөгчөөр сонгосон.
Нэгдлийн зүгээс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд дараах чиглэлээр талууд хамтран ажиллахаар санал солилцлоо.
• Төсөл, хөтөлбөрүүдийн тооцоо судалгаа, шинжилгээ хийх, инновац нэвтрүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
• Эрдэс баялаг, аж үйлдвэржилтийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд тулгамдсан асуудлуудад мэргэжлийн зөвлөмж боловсруулах;
• Геологи, хайгуулын төсөл, уурхай болон үйлдвэрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийж, дүгнэлт гарган сайжруулах зөвлөмж боловсруулах;
• Тогтвортой уул уурхайн зарчим болон олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх;
Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө мэргэжлийн холбооны шинжлэх ухаанч байр суурийг онцгой анхаарч, хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд онцоллоо.