Халзан бүрэгтэй төсөл REIA буюу Олон улсын Газрын ховор элементийн аж үйлдвэрийн холбоонд нэгдлээ
Халзан бүрэгтэй төсөл REIA буюу Олон улсын Газрын ховор элементийн аж үйлдвэрийн холбоонд нэгдлээ
Газрын ховор элемент буюу Rare earths elements (REEs) нь компьютерын хатуу диск, өнгөт зурагт, гар утасны дэлгэцээс эхлээд цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн мотор, сансрын төхөөрөмжийн эд анги, батлан хамгаалахын тоног төхөөрөмжүүдэд ордог хэрэглээний хувьд харилцан адилгүй өндөр технологийн түүхий эд юм.

Газрын ховор элемент нь,
Газрын ховор элемент буюу Rare earths elements (REEs) нь химийн үелэх систем дэх 57-71 (лантанидууд) атомын дугаартай элементүүд мөн сканди, иттриумийг багтаасан 17 элементийн бүлэг нэр юм. Эдгээр нь хэмжээний хувьд харилцан адилгүйгээр дэлхийн хурдас, чулуулагт тархсан байдаг. ГХЭ нь компьютерын хатуу диск, өнгөт зурагт, гар утасны дэлгэцээс эхлээд цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн мотор, сансрын төхөөрөмжийн эд анги, батлан хамгаалахын тоног төхөөрөмжүүдэд ордог хэрэглээний хувьд харилцан адилгүй өндөр технологийн түүхий эд юм. 

Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК компани нь, 
2010 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш геологи, хайгуул уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдгөө Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших ГХЭ-ийн Халзан бүрэгтэй төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Бид тус төслөөрөө дамжуулан дэлхийн хэмжээний хүнд ГХЭ-ийн нийлүүлэгч болж эрчим хүчний шилжилт, ногоон технологийн хөгжилд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулах зорилготой юм. 

ОУ-ын газрын ховор элементийн холбоо буюу REIA нь, 
Дэлхийн ховор элементийн тогтвортой хөгжлийг дэмжих, урагшлуулах зорилготой тус холбоо нь 2019 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 80 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, бодлого боловсруулах түвшнийхэн зэрэг бүх оролцогч талыг нэгтгэсэн байдаг.
Үүгээр дамжуулан,
-    Газрын ховор элементийн үйлдвэрлэл эрхэлдэг улс орнууд, томоохон аж ахуйн нэгж зэрэг оролцогч талуудыг нэгтгэх, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, 
-    Сайн туршлагуудад суурилан хамтын ажиллагаа, шинэлэг арга барилыг бий болгох, 
-    ГХЭ-н үйлдвэрлэл, боловсруулалтын үед үүсдэг хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээний гол оролцогчдыг нэгтгэж, салбарын ирээдүйг төлөвшүүлэх алсын хараатай юм. 

Бельгид төвтэй, газрын ховор элементийн ач холбогдол, хэрэглээг дэлхий даяар илүү сайн ойлгуулах, үнэ цэний сүлжээг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буй тус холбоонд Монгол компани гишүүнээр элссэн нь цаашдын үйл ажиллагаанд нь ихээхэн түлхэц болно хэмээн харж байна.

Боломж хаана байна вэ?
Дэлхийн дулаарлын эсрэг Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орнууд 2030 он хүртэл агаар дахь хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн алхмуудыг эрчимтэй хийж байна. Энд уламжлалт түлш болох нүүрс, газрын тосноос хамаарсан эрчим хүчний эх үүсвэрээс татгалзан сэргээгдэх эрчим хүч рүү шилжих зайлшгүй шаардлага тулгараад буй. Уг шилжилтийг хийхэд салхин сэнс, усан цахилгаан станц, нарны зайн хураагуур зэрэг сэргээгдэх эх үүсвэрийг хэрэглээнд яаралтай шилжүүлэх шаардлагатай байгаа.

Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд эзлэх хувь 2050 он гэхэд 88% болж өсөх таамагтай ба үүнийг дагаад салхин сэнсний моторын түүхий эдүүдийн эрэлт ч нэмэгдэхээр байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн сүүлд гаргасан судалгаа баримтууд баталж байна. 

Нөгөө талаас газрын тосны бүтээгдэхүүн байгалийн хийгээр, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин цэнэг хураагуурт суурилсан цахилгаан автомашин (EV) руу шилжих нь зайлшгүй болоод байна. Ирэх жилүүдэд цахилгаан автомашины зах зээл тасралтгүй нэмэгдэж, борлуулалт нь 2030 он гэхэд 2021 оныхоос 9 дахин нэмэгдэж 4.7 саяд хүрэх MarketsandMarkets-н судалгаа байна.. Улмаар EV-н борлуулалтын нийт автомашины борлуулалтад эзлэх хувь 2021 онд 4% хүрэхээргүй байсан бол 2030 он гэхэд бараг 30%-д хүрэх аж. Тэгвэл нийт ГХЭ-ийн эрэлт хэрэгцээ 2040 он гэхэд одоогийнхоос 4  дахин  өсөх  ба  зөвхөн  EV-с  л  хамаарч  ГХЭ-ийн  эрэлт  жил  бүр  3.7%-12.5%   нэмэгдэхээр байна.

Өдгөө дэлхийн ГХЭ олборлолт, боловсруулалт цөөн тооны улсад төвлөрсөн байгаа нь эрдэс баялгийн зах зээлд тэнцвэргүй байдлыг бий болгож, эрчим хүчний шилжилтэд эрсдэл үүсгээд буй. ГХЭ олборлолт, бүтээгдэхүүн гаргалтын төвлөрсөн байдлыг бууруулах марафонд АНУ, Австрали, ОХУ, Канад зэрэг хөгжингүй ба түүхий эдийн арвин нөөцтэй орнууд, уул уурхайн үндэстэн дамнасан том корпорацууд оролцож байгаа.

Монгол Улсын хэмжээнд нийт ГХЭ-ийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байна. Энэхүү эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог. Хэрэв бид олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбээс газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтой.

Учир нь ГХЭ-ийн дэлхийн эрэлт хэрэгцээ их байгаа учир үүнийг даган ГШХО нэмэгдэх, татварын орлого өсөх, ажлын байр бий болох зэрэг олон боломж нээгдэнэ. Мөн эрдэс баялгийн экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдлыг бууруулах боломжтой юм.   

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.