"Монголын Алт" (МАК) компанийн эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж буй орд бол Цагаан суварга. Олон жил яригдаж, хүлээлт дагуулсан энэхүү төслийн талбарт бүтээн байгуулалт эрчимжиж, нийгэм, эдийн засгийн үр ашгаа өгөх түүхэн цаг мөч ойртсоор байна.
Хөдлөхөд бэлэн төслийн тэргүүн эгнээнд цаг үргэлж явсан Цагаан суваргын зэс молибденийн ордын талбайд 350 гаруй хүн одоо ажиллаж байгаа бөгөөд хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэр байгуулах барилга, бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж байгааг энд дуулгая.
"Монголын Алт" (МАК) компани нь Цагаансуваргын ордыг түшиглэн жилд 14,6 сая тонн хүдэр боловсруулах, 320 мянган тонн зэсийн баяжмал, 5000 тонн молбденийн баяжмал үйлдвэрлэнэ.
Баримт өгүүлэхэд, 1999 онд "Монголын алт" (МАК) компани Цагаан суваргын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож хууль, журмын дагуу авсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлыг бүрэн барагдуулж, 2001–2008 онд ордын гүйцээх хайгуулыг олон улсын JORC стандартын дагуу хэрэгжүүлэн, 2009 онд Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлсэн.
Хайгуулын ажлын явцад, 2007 онд Цагаан суваргын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан бөгөөд 2014 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэн төр хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшихээс илүү татвар, хураамжийн хэлбэрээр өгөөж хүртэх нь илүү үр ашигтай гэж шийдвэрлэснээр МАК компани Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийн эрх зүйн орчин бүрдсэн юм.
Цагаан суварга төсөл хэрэгжсэнээр 1,120 шууд, 5,000–7,500 шууд бус ажлын байр бий болж, төслийн нийт үр өгөөжийн 55 орчим хувийг татвар, хураамж хэлбэрээр төр хүртэх боломж бүрдэнэ.. Мөн энэхүү стратегийн төслийг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани хэрэгжүүлж буй нь баялгийн өгөөжийг эх орондоо үлдээж, үндэсний аж үйлдвэр, экспорт, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
“Монголын Алт” (МАК) ХХК нь өнөөдөр 5,000 гаруй ажилтантай, улс, орон нутгийн төсөвт 4.8 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, аж үйлдвэрийн салбарт 5.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай түншилж, 1,200 гаруй ханган нийлүүлэгч байгууллагаас тогтмол худалдан авалт хийж, сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр тасралтгүй шалгарсан үндэсний тэргүүлэгч компани болжээ.
Эх сурвалж: “Монголын Алт” (МАК) ХХК