Дэлхийн зах зээлд зэс, молибден болон газрын ховор элемент зэрэг критикал минералын эрэлт эрс нэмэгдэж байгааг онцоллоо
3 Цагийн өмнө
127
Дэлхийн зах зээлд зэс, молибден болон газрын ховор элемент зэрэг критикал минералын эрэлт эрс нэмэгдэж байгааг онцоллоо

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдэд зориулсан "Өглөөний цай" ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгчээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр оролцож, "Геополитик ба олон улсын худалдаанд гарч буй өөрчлөлт" сэдвийн хүрээнд илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ дэлхийн шинэ дэг журам тогтож буй энэ үед худалдааны эргэлт блокуудад хуваагдах хандлагатай байгааг онцлоод, ялангуяа тээвэр ложистикийн гол зангилаа цэгүүдэд үүсэж буй тогтворгүй байдал нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд томоохон сорилт болж байгааг дурдлаа.

Монгол Улсын хувьд экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас, шатахуун болон эрчим хүчний импортын дийлэнх хэсэг нь ОХУ-аас хамааралтай байгаа нь геополитикийн эрсдэлтэй үед анхаарах ёстой гол асуудал болохыг тэмдэглэв. Тиймээс цаашид гадаад худалдааны гарцыг төрөлжүүлэх, Төв Ази руу чиглэсэн шинэ дэд бүтцийг хөгжүүлэх замаар хамаарлыг бууруулах шаардлагатай байгааг илтгэгч онцолсон байна. 

Мөн технологийн шилжилттэй холбоотойгоор дэлхийн зах зээлд зэс, молибден болон газрын ховор элемент зэрэг "критикал минерал"-ын эрэлт эрс нэмэгдэж байгааг онцлоод, энэ нь Монгол Улсын хувьд экспортоо төрөлжүүлж, "Гуравдагч хөрш"-ийн бодлогоо эдийн засгийн агуулгаар баяжуулах томоохон боломж гэдгийг дурдлаа.

Эх сурвалж: МҮХАҮТ

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.