1072 хувьцааны ногдол ашгийг энэ 7 хоногт буюу пүрэв гарагт олгож эхэлнэ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ 7 хоногт буюу 4 дүгээр сарын 28-нд болно. Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр байна.
Үүнд:
1. Компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.
Урьдчилсан байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2025 оны цэвэр ашгаас 1072 хувьцаанд нэг иргэн татварын дараах байдлаар 63,242 төгрөгийн ногдол ашиг авахаар байна гэж Удирдах зөвлөл шийдвэрлээд байгаа юм. Үүнийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар танилцуулах бөгөөд пүрэв гарагаас эхлэн иргэдийн банкны нэрийн данс руу ногдол ашгийг шилжүүлэхээр байна.
Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласаж, үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.