Монгол Улс Польш улстай хамтран 1984-1989 онд газрын ховор элементийн хайгуул хийж байсан
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Польш Улсын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Агата Обратаньскаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус улсаас Монгол Улстай эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах яам хоорондын гэрээ хэлэлцээр, санамж бичиг байгуулах хүсэлтэй байгааг илэрхийллээ.
Монгол Улсын зүгээс “Харилцан ашигтай, манай улсын эрх ашигт нийцсэн төслүүдэд хамтран ажиллахад нээлттэй” болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням яриандаа тодотгов.
Мөн сайд Г.Дамдинням Монгол Улсад геологи, уул уурхай, боловсруулах салбарыг хөгжүүлэхэд хүний нөөц тулгамдсан асуудал болсон тул боловсон хүчин бэлтгэхэд Польш Улстай хамтран ажиллах санал дэвшүүлсэн.
Монгол Улс 1981 онд тухайн үеийн Бүгд Найрамдах Польш Ард Улстай хамтран геологийн хайгуул хийх, үйлдвэрлэлийн аргаар ашиглах ашигтай орд илэрсэн тохиолдолд түүхий эдийг олборлоход хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулсан байдаг.
Энэхүү гэрээний дагуу 1984-1989 онд Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгуудад газрын ховор элементийн ордын хайгуул хийгдсэн байна.