Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн ээлжит "Өглөөний уулзалт" өнөөдөр /2026.03.13/ зохион байгуулагдлаа. Тус уулзалтын зочноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож, мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хууль эрх зүй, бодлого, стандарт, урьдчилан сэргийлэх тогтолцооны цогц шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, ХАБЭА-н сургалт зохион байгуулах журмыг шинэчлэн баталж, салбарын 156 стандартын 36 хувийг буюу 38 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулжээ.
Шинэчилсэн хуулийн төсөлд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэлт, эрт оношилгоо, хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг тусгасан нь сүүлийн 10 жилд хийгдээгүй өөрчлөлт болж байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал болон нэмэлт даатгалын давхардлыг арилгаж, эрсдэлд суурилсан даатгалын зарчимд шилжих, даатгуулагчдад үзүүлэх эмчилгээ, сэргээн засах үйлчилгээний хүрээг тодорхой болохоос гадна 400 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж, захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхой болгосон нь томоохон шинэчлэл аж.
Түүнчлэн 2025 онд асбестийн өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны техникийн зохицуулалтыг шинээр боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байгааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх онцоллоо.
Тус төв нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд осол, өвчлөл зонхилон тохиолддог эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбаруудыг хамарсан, эрсдэлийг урьдчилан тооцох, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, чуулган, олон нийтийн нөлөөллийн арга хэмжээг олон улсын мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор үе шаттай зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдын оролцоог идэвхтэй ханган, дам нөлөөгөөр 13 мянга орчим хүнд хүрч ажилласан байна.