Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах 23 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Thales-тай байгууллаа.
Тус гэрээний хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Энэхүү гэрээний 85 хувийн санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк болох Bpifrance-аас экспортын зээл олгохоор тохиролцоод байгаа юм.
Уг санхүүжилтийг Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авах бөгөөд санхүүжилтийн гэрээнд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
”Thales" нь Франц улсын Парис хотод төвтэй, дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд батлан хамгаалах, агаарын навигац, сансар, кибер аюулгүй байдал, дижитал системийн өндөр технологийн шийдлийг олон улсын зах зээлд боловсруулж, нийлүүлдэг. Тус компани нь одоогийн байдлаар 68 улсад 83 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.