Ш.Төрбат: Сайхан хамт олон гэдэг ах дүү, аав ээж шиг...
Ш.Төрбат: Сайхан хамт олон гэдэг ах дүү, аав ээж шиг...
Түүний хариуцсан томоохон бүтээн байгуулалтууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өсөлт, хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.

Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр”-ээс төрсөн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Шагдарсүрэнгийн Төрбатын ажил, амьдралын түүхийг онцолж байна. Түүний хариуцсан томоохон бүтээн байгуулалтууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өсөлт, хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөн, нийт хүчин чадлын хэмжээ 53 мВт-д хүрч, эрчим хүчний томоохон хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж дэвшсэн.

Мөн 60 гаруй км-ийн зайтай орших Сэлэнгэ мөрнөөс татах цэвэр ус дамжуулах нэмэлт гурав дахь шугамыг барьж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын өнөөдрийн усан хангамжийн найдвартай байдлын баталгаа болсон гол бүтээн байгуулалтыг тэрбээр удирдсан билээ. Mining.mn сайтын Б.Баяртогтох Эрдэнэт хотноо Аж үйлдвэрийн шинэхэн гавьяаттай ийнхүү дэлгэрэнгүй ярилцлаа. 

-”Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ түүхт 45 жилийн ойгоор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Шагнал авч байх тэр мөчид танд юу хамгийн ихээр бодогдов?

-Баярлалаа. Төрийн том шагнал авсандаа маш их баяртай байна. Үйлдвэрийнхээ хамт олон, нийт ажилчид, удирдлагууддаа бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлье. Ганцхан миний амжилт бүтээл биш, үүний ард олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл, эрдэм чадвар шингэсэн. Тэгэхээр энэхүү хүндтэй шагналыг манай үйлдвэрийн хамт олны төлөөлөл болгон надад өглөө гэж ойлгож байна.

Ойн баярын үеэр хамт олныхоо дунд, ажил амьдралаа холбосон “Эрдэнэт үйлдвэр” дээр төр засгийн тэргүүн нар маань хүндэтгэл үзүүлэн ирж шагнал гардуулсан нь их сайхан санагдсан. Дотор нь өсөж, өндийсөн хамт олныхоо дунд шагнуулна гэдэг их онцгой мэдрэмж, үйл явдал юм билээ. Үүнд ихэд билэгшээж байгаа.  Сургууль төгсөж ирээд л “Эрдэнэт үйлдвэр”-тээ ажилласан. Хамт олон маань л хамгийн түрүүнд бодогдож байлаа.

-Таны гэргий бас их том үүрэг гүйцэтгэсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний амьдралын ар тал, хань ижил маань намайг байнга дэмжиж, сэтгэл амар ажиллах, хийж бүтээх тэр боломж, бололцоог байнга бүрдүүлж ирлээ. 

-Үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч, Эрчим хүчний хэлтсийн дарга хүртэл 40 шахам жил та өөрийн ажил, амьдралаа “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбон зүтгэжээ. Эрдэнэтэд анх хэзээ ирж байв?

-1978 он юм байна. Дөнгөж л есдүгээр ангиа төгссөн жил. Аав маань намайг Эрдэнэт хоттой анх танилцуулсан. Бид хоёр мотоцикльтой ирж байсан, энэ үе их тод санагддаг. Тэр үед ёстой л түм түжигнэж, бум бужигнасан, барилга байшин нь ярайтал баригдчихсан, одоо энэ микрийн байрууд баригдаж арай л дуусаагүй, “Эрдэнэт үйлдвэр” маань сүндэрлэн боссон, анхны баяжмалаа гаргаж, үйлдвэрлэлээ эхлүүлж байсан үе. 

Төсөөлж байснаас ч том хот, том үйлдвэр угтсан. Энэ бүхнийг хараад "Эрдэнэт үйлдвэрт л ажиллана" гэсэн бодол надад төрсөн. Их гүнзгий сэтгэгдэл үлдсэн. Ингээд 1984 онд Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн цахилгаан механикийн ангийг төгсөөд, “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллахаар ирсэн. Манай анги тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн цахилгаан механикийн ангийн хоёр дахь төгсөлт. Их сургуулиа бид 13-уулаа төгссөн.  

-Сургуулиа төгсөөд ирэхэд Эрдэнэт хот, үйлдвэр хэр өөрчлөгдсөн байв?

-Нэг цаасан хайрцаг номтой, хоёр гантил, нэг шатартай буулаа. Дан оросууд, бүх зүйл нь орос хэл дээр явна. Эрдэнэт хотын эхний гурван микр нь баригдчихсан, Үйлчилгээний төв гэж манайхан хэлдэг, энэ барилга баригдаж байсан. Төвдөө бараг 80 хувь нь оросууд суудаг. Оросуудтай хамт ажиллана, чөлөөт цагаа мөн л хамт өнгөрүүлэх нь их байлаа. 

-Та ажлын гараагаа аль цех, нэгжээс нь эхэлсэн бэ?

-Тэр үед Түлш, эрчим хүчний яамны томилолтоор ирсэн. П.Очирбат гуай сайд нь байсан. Томилолтоо аваад л Эрдэнэтэд ирсэн нь тэр. Оюутан байхдаа дадлага хийхээр өмнө нь ирж байсан. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Цахилгаан цехэд дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёроор ажилд орсон. Биднийг тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-т зориулж бэлдэж байсан. Гадаадад ч тэр, дотоодод ч тэр. Бүх хичээл орос хэл дээр орно. Тэр дагуу нь сураад л “Эрдэнэт үйлдвэр”-т хуваарилагдан очсон. Ажлын талбарт дан оросууд байлаа.

 Орос хэл мэдэхгүй хүн инженер болох, албан тушаал ахих тухай бодох ч хэрэггүй. Шинэ ажилтнуудыг оросуудыг дагуулаад тавьчихна. Дөрөвдүгээр зэргийн цахилгаан монтёр гэхээр нэг оростойгоо л байнга хамт явна. 

Тэр үеийн орос ах нар үнэхээр шилэгдэж ирсэн, мэдлэгтэй, амьдралын туршлагатай. Хамгийн их бодогддог зүйл гэвэл их хүн чанартай, яг л аав, ээж шиг халамжилж, анхаарал тавина. Бүх юмаа харамгүй заана, зөвлөнө, биднийг сургахын төлөө шамдуулна. Одоо хүнийг тэгж сур гээд шахаад байдаг гадаад хүмүүс байдаг ч юм уу, мэдэхгүй. Бид чинь гэр оронд нь очно, хоолыг нь хааяа "буудна". Нимгэн хувцасласан байна, дулаан хувцасла гээд л ах эгч шиг зэмлэнэ. 

-Аавтайгаа хамт ирж байх үеийн тэр сэтгэгдэл л таныг хөтлөөд явсан хэрэг үү?

-Тийм ээ, үнэхээр сайхан санагдсан л даа. Оросууд их байсан тул соёлын хувьд ч сонин, содон зүйл их байсан. Тэндээс л Эрдэнэт хот миний амьдрах газар юм байна гэсэн итгэл үнэмшил бат суусан. Аав маань үндсэндээ энэ замыг тодорхойлоод өгчихсөн. 

-Тэр үед мотоциклоор ирж байсан гэхээр танайх ойрхон нутаглаж байжээ? 

-Манай аав Булган аймгийн Могод сумын хүн. Гэхдээ тэр үед манайх Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байлаа. Би Хишиг-Өндөр сумынхаа анхны аравдугаар анги төгсөгчдийн нэг. Эрдэнэтээс холгүй л дээ, 160 орчим км зайтай. Ээж минь Дундговь аймгийн Луус сумынх.

-Аав, ээж хоёрынхоо талаар та дурсаач, тэд ямар хүмүүс байв?

-Манай хоёр хөдөөний сэхээтнүүд л дээ. Ээж минь багш, аав минь малын эмч хүн байлаа. Одоо болтол би боддог юм, хөдөөгийн сэхээтнүүд Монгол Улсыг авч явж байсан агуу баатарлаг хүмүүс байж дээ гэж. Тэр үед ямар хүнд хэцүү нөхцөлд, хатуу ширүүнийг даван туулж түмний хүүхдийг эрдэм номтой болгож, малыг нь эрүүл байлгаж байсан юм бэ...

Сумын төв дээр байдаг сэхээтнүүд шүү дээ, эмч, багш, захиргааны ажилтнууд. Тэд л хүмүүсийг боловсруулж, замыг нь зааж чиглүүлж байсан байгаа юм. Миний аав ээж тэдний л нэгэн адил. Би айлын ганц хүү. Сүүлд нэг охин дүүтэй болсон. Айлын ганц хүү гээд их л эрх танхи, дураараа өссөн. Гэхдээ буруу эрхлэх зүйл байгаагүй. Миний найзууд манайд надаас илүү хүндтэй байдаг, манайх тийм л айл байлаа.

410456570_784239503732944_890108206632304874_n 

-Үйлдвэрийн хувьд ажил нэлээд жигдэрчихсэн, хотын хувьд бүтээн байгуулалт нь ид өрнөж байсан байх нь ээ?

-Ер нь цэгцэрчихсэн байсан үе шүү. Үйлдвэр маань эхний хүчин чадлаа авчихсан, ер нь хот, үйлдвэр аль аль нь нэлээд зүг чигээ олчихсон байсан. Хүдрийн олборлолтоо 16 сая тонн болгоно гээд зүтгэж байлаа. Манай “Эрдэнэт үйлдвэр” тэр үед дэлхийн шилдэг үйлдвэрүүдийн нэг гэгдэж байсан. Нээрээ л тоног төхөөрөмж нь шинэхэн, сайхан байсан. Тэр бүхнийг гол нь эзэмшиж, ашиглаж сурах нь чухал бөгөөд тоног төхөөрөмжөө ажиллуулж мэддэг байх хэрэгтэй. Тэрийгээ орос хэлээр дамжуулж л мэднэ шүү дээ.

Дээр нь аюулгүй ажиллагаа, хөдөлмөр зохион байгуулалт, сахилга бат гээд тэр бүхнийг бид Эрдэнэт үйлдвэрийн тогоонд чанагдаж байж л сурч авч, мэргэжилтэн болсон. Тэрний хүчинд л бид өөрсдийгөө дэлхийн хаана ч очсон "мэргэжилтэн" гэж хэлэх түвшинд хүрсэн. Би бол өөрийгөө үйлдвэрийн дээрээсээ хоёр дахь үе нь гэж боддог. Эхний үе нь үйлдвэртэй зэрэгцээд ирсэн хүмүүс бол дараагийн үе нь бид юм аа. 

-Тэр үед боловсон хүчний бодлого их лут байжээ. Хэрхэн бэлдэх вэ, хаана хэнийг хуваарилах вэ гэдэг зохион байгуулалт нэлээн нарийн байсан юм байна гэж одоо хараад байгаа...

-Үнэхээр гайхамшигтай. Бэлтгэж, сургахад маш их сэтгэл гаргаж, тал талдаа ихээхэн анхаарч байсан нь андашгүй. Зориулалтаар нь бэлтгэдэг бодлого маш чухал гэж боддог. Ийм бодлого одоо ч үгүйлэгдэж байна. Сургаж байж хүнээс юм нэхнэ шүү дээ. Сургууль төгсөөд очихдоо хүн бүхнийг чаддаг, мэддэг болчихдоггүй. Амьдрал дээр гараад л байрандаа тавигдаж байгаа юм. Тэр үед мөн тойроод л бүгд Оросын мэргэжилтнүүд. Монгол мэргэжилтнүүд нь харьцангуй цөөхөн байсан.

Оросуудын бас нэг чанар бол юмаа мэдэхгүй, ажлаас хойш суудаг хүмүүст их дургүй, шууд нүүрэн дээр нь түүнийгээ хэлдэг, илэрхийлдэг. Хичээгээд, зүтгээд яваа хүнд их дуртай. Бид чинь бас хор шар гэж бий, улаан диплом өвөртөлчхөөд юмаа мэдэхгүй, чадахгүй гэж цоллуулахыг хүсэхгүй. Өөрсдөө ч бас их хичээдэг байлаа.

Төрийн бодлого гэх юм уу, үйлдвэрийн бодлого гэх юм уу, үнэхээр үр дүнтэй байсан. Одоо мерит зарчим гэж яриад байдаг шүү дээ, Оросынх яг л тийм байсан. Хүн бүх зүйлийг доороос нь эхэлж сурч, гүйцээх, тэр дунд тухайн хүн хичээл зүтгэлтэй байна уу, ёс зүй, хэлний мэдлэг ямар байна гэдгийг нь бас хамт шалгачихдаг. 

-Орос хэлийг та яаж сурав?

-Оюутан байхад бүх хичээл Оросоор ордог байсан нь их нөлөөлсөн. Үйлдвэрт ирсний дараа монгол мэргэжилтнийг мэргэжилтэн болгох гол шалгуур нь орос хэл шүү дээ. Тэгээд л бид чинь оросуудтайгаа найзалж нөхөрлөөд явна. Ийм зарчмаар л сурсан. Дипломоо орос хэл дээр хамгаалсан нь номын хэл байсан. Дараа нь практик хэл ажлын орчинд сурсан. 

-Зогсох эрхгүй нүсэр үйлдвэр өдөр, шөнөгүй ажиллаж байна. Ийм үйлдвэрт ажиллаж байгаа уурхайчинд сахилга бат, хувийн зохион байгуулалт, ажлын хариуцлага цаг ямагт дагалдана. Таны төлөвшилд энэ ажил, амьдралын хэмнэл хэрхэн нөлөөлсөн бэ?

-Энэ бүхэн яг дэс дараагаар явж байгаа юм. Эхлээд яг л жирийн ажилчин хүн шиг өглөө нь цагтаа ирээд л орой цагтаа бууна. Өгөгдсөн даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ өөрийгөө сайн боловсруулаад явна. Манай үйлдвэр спорт, соёлын ордонтой. Ямар ч төрлөөр хүн  хөгжих бүх боломж, үүд хаалга нь тэр үед нээгдсэн байсан. Энэ болгон дундуур бужигнаад л явна шүү дээ. Сүүлд нь ажлын туршлага, мэдлэг нэмэгдээд ирэхээр албан тушаал ахина, дарга болж олон хүний өмнөөс хариуцлага хүлээдэг, олон хүнд шаардлага тавьдаг болно. Яг энэ хэмжээгээр л бүх юм нэг талаараа хүндрээд гэх юм уу, ажлын цар хүрээ ч өргөжөөд ирнэ. Ингэж шат ахисаар үйлдвэрийн ерөнхий мэргэжилтэн боллоо. Энэ үед ажлын ачаалал, хариуцлага ч тэр хэрээр нэмэгдэнэ.

Манай үйлдвэр өнгөрсөн он жилүүдэд маш их бүтээн байгуулалт, модернизац буюу шинэчлэлийн ажлууд хийсэн. Миний амьдрал дандаа тийм зүйлийг туулж ирсэн. Тэндээсээ их зүйл сурч хүн хатуужиж, төлөвшдөг юм байна. Би бол цэвэр "“Эрдэнэт үйлдвэр”"-ийн хүн гэж хэлэгдэж байсан. Яг л энэ үйлдвэрээр дамжсан хүн ямар түвшинд хүрээд яаж явдаг уу, миний амьдрал түүний л нэг нь. 

-Үйлдвэр, хотын аж амьдрал та бүхнээс хамаарна гэхээр бас л том үүрэг хариуцлага, ачаа, даалгавар ирж байгаа юм шүү. Бүтээсэн, хийсэн ажлаа хараад бахархах мэдрэмж төрнө биз?

-Эрчим хүчний ерөнхий мэргэжилтний ар талд бүхэл бүтэн Эрчим хүч ус хангамжийн цех, ДЦС, Цахилгаан цех гээд гурван том цех байна. Хоёрдугаарт, манай Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот учраас бид үйлдвэрийн бүс гээд бүх цахилгаан эрчим хүчээр хангаж байдаг. Гуравдугаарт, хүмүүс уурхай гэж яриад байгаа. Энэ бол маш том цогцолбор. Уурхай, баяжуулах үйлдвэр, үүнийгээ тойрсон үйлчилгээ, хангамжуудын засвар, механик гээд 25 газар байгаа. Оросууд анхнаас нь цогцолбор маягаар байгуулж өгсөн. Энийгээ дагаад хариуцлага нэмэгдэнэ.

Ачаалал нэмэгдэхийн хэрээр ачааллыг даах мэдлэг, туршлага, сэтгэл хэрэгтэй болно. Энэ болгоныг нэгэн биед багтаах шаардлага тавигддаг. Гэхдээ хүндийнхээ хэрээр бас бахархалтай. Бид ийм зүйлийг дааж авч яваа шүү гэдгээрээ бахархдаг. Эрчим хүчний, тэр тусмаа уул уурхайн эрчим хүчний мэргэжилтэн бол бахархмаар мэргэжил. Тэр тусмаа уул уурхайн салбар дэлхий дахинд хөгжлийг тэтгэж, хүмүүсийг тэжээж явдаг чухал салбар. Ийм газар гол салбарыг хариуцна гэдэг ховорхон хувь заяа гэж боддог. 

-Эрчим хүчний салбарт эмчтэй адилхан бас л өөр хэн нэгнээр шууд орлуулж болдоггүй, яг тэр арга зам, техник технологитой харилцах мэргэжлийн хүн, арга туршлага гээд нарийн зүйлс бий.  Таны хувьд ажил мэргэжлийнхээ гол бахархлыг юу гэж тодорхойлох вэ?

-Цахилгаан монтёр гээд ажлыг багаас нь эхэлсэн. Залуу насандаа эрчим хүчний нарийн бүх дамжлагаар нь дамжиж гарсан. Дараа нь албан тушаал ахиад ирэхээр тэр мэдлэг маань их хэрэг болж байгаа юм. Юмаа мэдэхгүй хүн эрчим хүчинд ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Үнэтэй тоног төхөөрөмж эвдэж хэмхлэх, том үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулж, зогсоох, бүр муугаар хэлбэл хүмүүсийн амь нас, ажил амьдралыг хохироох эрсдэлтэй учраас мэргэжлийн биш, эсвэл мэргэжилдээ муу хүмүүсийг энэ албанд тавина гэдэг бараг гэмт хэргээс өөрцгүй. Ийм өндөр хариуцлага шаарддаг, нэхдэг. 

Ажлаа мэдэхгүй эмч өвчтөнд хагалгаа хийнэ гэж байхгүйтэй ижил. Мэргэжил болгон чухал. Тэгэхээр мэргэжлийн шаардлага маш өндөр тавигддаг. Хамгийн түрүүнд аюулгүй ажиллагаа. Ямар нэгэн эрсдэлгүй, аюулгүйгээр ажил хийлгэнэ гэдэг том шинжлэх ухаан. Гадаад, дотоодын олон янзын туршлагуудаас суралцана. Манай үйлдвэрийн туршлагаас ч гэсэн бусад үйлдвэр ирж суралцана. Тэр бүхэн мэдлэг. Тэрийгээ шалгах цензур чухал. Дээр үеийн оросуудыг одоотой харьцуулахад хүнийг маш их шалгаж, нухаж байж ажилд тавьдаг байдлыг хэвээр үлдээмээр санагддаг, ямар ч ажилд тэр...

-Та 1984 онд “Эрдэнэт үйлдвэр”-т ирж байхад хамтарсан үйлдвэр байлаа, цаг үе, нийгэм өөр байлаа. Дараа нь 1990 он гараад чөлөөт зах зээл бий боллоо. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” маань Монголын талдаа шилжээд ирчихсэн, монголчууд өөрсдөө 100 хувь хариуцаад явж байна. Хоёр нийгмийн ялгааг харж байхад танд ямар бодол төрдөг вэ? 

-Хоёр нийгэм, үйлдвэрийн эзэд нь өөр болсон. Орос, Монголын хамтарсан үйлдвэрээс нэг хэсэг хувийн үйлдвэр байж байгаад төрийн үйлдвэр болж байна. Ялгаа их том байдаг юм билээ. Социалист нийгэм гэдгийг би хувь хүний хөгжих чанар арай жигд, тэгширчихсэн, хүн болгоныг дэмждэг байсан юм уу гэж боддог. Капиталист нийгэм гэж ярих юм билээ, энд хувь хүний хөгжил янз бүр, өөрөөс нь шалтгаална. Тухайн үеийн нөхцөл байдал ч хамаатай. Ийм том ялгааг дагаад инженер, техникийн ажилчдын мэргэжил, сургалт, мэдлэг, зүтгэл их өөр болж эхэлж байна.

Одоо цагт хүний "Би" гэдэг нь өндөрт тавигддаг юм уу даа. Социализмын үед "Би" гэдэг нь доошоо, "Бид" гэдэг нь дээшээ байсан шиг санагдаад байгаа юм. Ер нь манай Монгол Улс нийгмийн зүг чигээ маш сайн тодорхойлж авмаар санагддаг. Тэндээс бүх юм, хүний, гэр бүлийн хөгжил, нийгмийн хөгжил их хамаарч байна. Хувь хүн өөрийгөө дайчилдаг, юм сурдаг, зүтгэдэг, мөрөөддөг зүйл аль ч нийгэмд байх ёстой. 

Хамгийн гол нь хэчнээн сайхан техник хэрэгсэл авсан бай тэрийг ажиллуулах хүн хамгийн чухал. Оросуудын хэлдэг үг бий, ямар ч муу машин байхад сайн жолооч явуулаад л байдаг. Хэчнээн сайхан техник аваад муу жолооч бол явахгүй гэж. Бүх юм хүнээс, мэргэжилтнээс, тэр хүний хандлага, мэдлэг чадвараас шалтгаалж байна. Тэгэхээр хүний хүчин зүйл гол юм байна гэж харж байгаа. 

-Та шатарт нэлээд сонирхолтой, мастер гэж сонссон. Шатар таны ажил мэргэжилд нөлөөлсөн үү. Эрчим хүчний инженер гэхээр тоо, физик чиглэлийн хичээлүүддээ илүү сонирхолтой байсан байх. Энэ тухай ярилцъя?

-Би нэг, хоёрдугаар ангиасаа л шатар сурсан. Манай нагац ах шатар их тоглодог хүн байлаа. Түүнээс гадна багш нар нэг дор айл гэрээрээ бууцгаана, багш нарын хороо гэж нэрлэнэ. Тэнд багш нар хоорондоо шатар их нүүнэ ээ. Тэндээс шатар тоглож сураад, дуртай болсон. Сумын төвд тэр бүр цааш нь хөгжүүлэх бага ч гэсэн орхиогүй, тэндээс л тоглож эхэлсэн. Эрдэнэтэд ирсэн хойноо шатрын тэмцээнд ордог боллоо, сүүлдээ ч бүр гүнзгий орсон. Эрдэнэт хот маань шатарчин ихтэй. Хожим нь 10-аад жил шахам Эрдэнэтийн Шатрын холбооны тэргүүнээр ажиллалаа. Энэ үедээ аймгийн хэмжээний зүтгэлтэн болсон, хүүхдүүдийг сургана, тэднийгээ уралдаан тэмцээнд оруулна гээд. Маш олон хүүхэд шатрын мастер болсон. Гэхдээ зарим нь амьдралын жамаар сургуулиа төгсөөд гадагшаа сургуульд явчхаж байгаа юм. Гэхдээ л тэр хүүхдүүд ажил мэргэжил нь одоо сайн явж байгаа. 

-Шатар хүүхдийн төвлөрөх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхээс эхлээд олон талын эерэг үр нөлөөтэй гэдэг. Та эцэг эхчүүдэд хэрхэн зөвлөх вэ?

-Маш үр нөлөөтэй шүү. Хүүхэд шууд л өөрчлөгддөг юм билээ. Хүмүүс ирээд манай хүүхдэд та багшлаач гэж ирдэг. Миний хувьд шатарт дуртай л болгож байгаа юм. Шатарт дуртай болсон хүүхэд багштай, багшгүй байсан цаашаа өөрөө явчихдаг. Хоёрдугаарт, шатрын тэмцээнд ороод хожигдоод уйлаад явж байсан хүүхдүүд найм, есдүгээр ангиасаа дэд мастер болоод ирж байна. Тэгээд ажиглаж байхад хичээл сургуульдаа ч сайжраад, ерөөсөө л онц сураад эхэлдэг.

Шатар хүнийг их тэвчээртэй, уйгагүй болгодог. Хамгийн гол нь логик уялдаа холбоог их хөгжүүлдэг. Шууд л нөлөөлдөг гэдгийг би амьдралынхаа турш ойлгосон. Хүүхдээ заавал шатар тоглуулж сургах хэрэгтэй. Гэхдээ шатар дотроо бас хуваагдана. Хамгийн эхлээд тоглоом маягаар явна, хожиж, хожигдоод. Цаашдаа уралдаан тэмцээнд орно, хожно, хожихгүй байна. Тэндээс онолоо үзнэ. Тэрний дараагийн түвшин нь шинжлэх ухаан руу орж ирж байгаа юм.

Бүх юмыг судалж үзнэ. Тэгээд дэлхийн топ түвшинд очихоороо урлаг руу ордог юм уу гэж боддог. Зарим эцэг эх хэтэрхий шахаад дургүй болгох, ядраах зүйл ажиглагддаг. Оюуны талаасаа хүнд спорт л доо. Хүнд шатар өгөөжөө өгдөг. Тэрнээс цааш мэргэжлийн шатар руу орвол бүх юмаа, амьдралаа хаяна гэсэн үг шүү дээ. Зөвхөн тэрийгээ л зоривол мэргэжлийн түвшинд очно. Манайх 2002 онд хоёр л их мастертай байсан бол өнөөдөр 10 гараад явчихсан. Ажлынхаа хажуугаар тоглоод ирсэн. Гэхдээ амжилтад хүрье гэвэл бүх зүйлээ хаяад зорих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 

-Манай улс аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой, бид зөвхөн олборлоод зөөх биш, дараагийн шатны боловсруулалтыг хийх ёстой юм байна гэдэг. Манай улс уул уурхайгаа, тэр тусмаа аж үйлдвэрийг яаж хөгжүүлж, зөв чиглүүлэх тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Миний багаасаа бодож ирсэн ганц зүйл бол хүн юм хийх хэрэгтэй. Гараараа юм хийх хэрэгтэй. Философийн ойлголт байдаг шүү дээ, гараараа юм хийж байтал тархи нь хөгждөг. Тархи нь хөгжихөөр дахиад өөр зүйл хийдэг гэдэг. Манай улс өөрсдөө юмаа хийх л хэрэгтэй. Мэдээж бүгдийг хийх нь хаашаа юм. Гэхдээ багаас эхлээд хийх л хэрэгтэй. Би мужаан, дархан, токерчин хүмүүсийг шүтдэг.

Манайхан чинь дэлхийн түвшний том, том зүйл яриад, түүндээ бүдрээд байдаг. Жижгээс нь хийх хэрэгтэй. Зэсийн хувьд ч тэр, хэчнээн жил баяжмалаар нь гаргах билээ. Зэсээрээ юм хийгээд эхэлбэл хэдхэн жилийн дараа дэлхийд гайхагдана. Технологи нь өөр болчихлоо, 3D технологиуд, ухаалаг системүүд бий болчихлоо. Манай хүмүүс хийж чадна. Тийш хөтөлж багаас нь эхлээд хийх л хэрэгтэй.

Жижгээр хийгээд бүтэхгүй бол бага алдана. Заавал дэлхийн хэмжээний томоор эхлэх албагүй. Тэр боломж бүрэн дүүрэн байгаа. Миний хамгийн итгэлтэй байдаг зүйл бол манай залуучууд үнэхээр ухаантай, чадалтай. Гагцхүү зөв чиглүүлбэл дэлхийн ямар ч газрын хүмүүсээс илүү хийнэ үү гэхээс дутахгүй.

Тэр тусмаа манай монгол эмэгтэйчүүд маш ухаантай, маш тэвчээртэй, аливааг хурдан сурдаг, чадалтай эмэгтэйчүүд байдаг юм байна гэж 40 жилийн хугацаанд үйлдвэрт ажиллахдаа ойлгосон.

Бид өөрсдөө юмаа хийж байж л бусдаас хамааралгүй болно. Сансрын технологио больё, ойр зуурын юмаа бүгдийг нь хийдэг болох хэрэгтэй. Манайд түүхий эд нь байна. Төмөр нь байна, зэс нь байна. "Хэнд түүхий эд байна, тэр улсад бүх зүйл байна" гэж би хэлэх дуртай. Бүх юм нь өөрт байдаг, гэтэл дандаа гаднаас авахаар харамсалтай. 

trbat 

-“Эрдэнэт үйлдвэр” 60 гаруй км зайтай орших Сэлэнгэ мөрнөөс үйлдвэрийнхээ технологийн болон Эрдэнэт хотынхоо хүн амын ундны усыг татдаг. Энэ цэвэр ус татах гурав дахь шугамыг барьж ашиглалтад оруулах ажлыг та ахалж, 40 жилийн дараах том бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан байдаг. Цар тахлын үе таарчихсан, их л амаргүй цаг үед ажил өрнөсөн гэдэг. Тэр үеийг эргээд дурсахгүй юү?

-Тендерээс нь эхлээд Улсын комисс хүлээж автал нь хариуцаад ажилласан. Тэр олон хяналт шалгалтын дараа комисст хүлээлгэж өгсөн. Үр дүнд нь “Эрдэнэт үйлдвэр” маань хүчин чадлаа тодорхой хэмжээнд нэмээд ажиллах боломжтой болсон. Хоёрдугаарт, Эрдэнэт хот маань цаашид өргөжин тэлэхэд усны хэрэглээн дээр нэлээд олон жилийн хугацаанд айхааргүй болсон.  Ус ч бай, дулаан ч бай, цахилгаан ч бай бүгд хүний амин чухал хэрэглээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийг тогтвортой, байнгын найдвартай ажиллахад гол нөлөө үзүүлж байгаа бүтээн байгуулалт.

Цаг хугацааны хувьд гурав орчим жил болсон. Цар тахлын үе ч таарсан. Гэхдээ хээр хийдэг ажлууд байсан учраас тус тусад нь 10 гаруй бригадыг хөл хорьж байгаад гол ажлуудаа бид нугалж, хийж байсан. Тээвэр, логистик гээд зөндөө асуудал тулгарсан ч төр тэр үед шаардлагатай асуудлуудыг нь шуурхай шийдэж өгсөн. Тус бүр нь 12 метрийн урттай 5,000 турба татаж авсан. 5,000 гагнуур буюу залгаа бүр дээр маш өндөр мэргэжлийн, тусгай шаардлагатай гагнуурчид ажилладаг. Тэгэхэд манай Монголд тал талаас цуглуулаад атестатчиллыг нь авахад тийм мэргэжилтнүүд дороо бүрдсэн. Хэнээс ч дутахгүй манайхан гагнасан. Тухайн үед тэр залуусаараа бахархаж байлаа. Манай залуус их мундаг, хийе бүтээе гэсэн сэтгэлтэй байсан. Миний хувьд энэ ажил бахархам гол ажил болсон.  

-Таныг гавьяаны амралтандаа гараад удаагүй байгаа гэж дуулсан. Хамт олныг та юу гэж тодорхойлох вэ?

-Сайхан хамт олон гэдэг үнэхээр хүн шиг явахад нөлөөлдөг, тэтгэдэг. Ах дүү, аав ээж шиг түшигтэй, нөмөртэй. Бие биедээ санаа тавьж халамжилдаг, тэр харилцаанаас бүтээмж бий болдог. Хүнийг хөглөдөг. Маш олон сайхан хамт олонтой хүн дээ, би. Үнэхээр ойр дотно. Тэдэндээ баярлаж, талархсанаа үгээр илэрхийлэмгүй хүндэтгэл дотор минь байдаг. Бүгдэд нь талархаж явдгаа илэрхийлье.  Зорьж ирсэн та бүхэндээ бас баярлалаа. 

Бидний урилгыг хүлээж авсан Танд баярлалаа. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.