“MINING PULSE PODCAST”-Хөтлөгч, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн дүгнэлт, тойм
2 Өдрийн өмнө
213
“MINING PULSE PODCAST”-Хөтлөгч, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн дүгнэлт, тойм

-Хөтлөгч, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн дүгнэлт, тойм-

    МУУҮА-аас “Уул уурхайн 7 хоног, Minepro” олон улсын чуулга, үзэсгэлэн, арга хэмжээний хүрээнд “Mining pulse” цуврал подкастыг эхлүүлж, нийт 16 дугаарыг бэлтгэн хүргэлээ. Энэхүү цувралаар бид салбарын тулгамдсан асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж, шийдэл эрэлхийлэхийг зорьсон юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбарыг тойрсон олон асуудлаар УИХ, Засгийн газрын гишүүд, хувийн хэвшил, судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөллийг урин ярилцлаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн шинэчлэл, салбарын бодлого, ханган нийлүүлэлт, хүний нөөц, технологийн хувьсгал, газрын ховор элемент болон өндөр технологийн түүхий эд, орон нутгийн болон салбар хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан подкастуудаас давтагдсан болон онцлох агуулгыг товчлон хүргэж байна.

   Уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр. ДНБ-ий 30%, аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг зөвхөн энэ салбар бүрдүүлж байна. Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ ганхахад Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг. Иймээс эдийн засгийн гол салбараа зөв бодлогоор дэмжиж, тогтвортой хөгжлийн баталгааг бүрдүүлэх нь чухал гэдэгтэй бүх оролцогчид санал нэгдсэн. Бодлогын томоохон шийдвэрүүдээс гадна хайгуулыг өргөжүүлэх, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хүний нөөцийн тогтвортой бүрдүүлэлтийг хангах зэрэг олон сорилт бидний өмнө байна. Тиймээс хувийн хэвшил, төрийн өмчийн хэлбэрийн ялгааг үл харгалзан салбарын хөгжлийн стратегийг хамтдаа, нэгдсэн зорилгоор зураглаж байна.

    Манай улсын хөгжлийн гол саад бэрхшээлүүдийн нэг нь хууль эрх зүйн тодорхой бус, тогтворгүй орчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинэ хууль батлах, хуулиа байнга өөрчлөх, шинэчлэх явц нь бүх салбарын бодит үйл ажиллагааг тасралтгүй доголдуулж, дунд болон урт хугацаанд сөрөг үр дагавар авчирч байна. Түүнчлэн өмнөх цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн гаргасан шийдвэрүүдийг өнөөдрийн хууль, өнөөгийн нөхцөлөөр дүгнэж, буцаан сөхөх нь нийгмийн итгэлцэл, бизнесийн тогтвортой байдлыг алдагдуулж байна.

Бид уул уурхайн салбарын шинэ хөгжлийн гараанд тулж ирээд байна. Энэ бол зүгээр нэг шилжилт биш, харин улс орны эдийн засаг, үндэсний хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг тодорхойлох түүхэн боломж юм. Өнөөдрийг хүртэл шийдлээ олсон ч шийдвэр нь гараагүй хуримтлагдсан олон асуудал салбарын ирээдүйн боломжийг боомилсон хэвээр байгаа учраас манай салбарынхан бодлого тодорхойлогчдын зоригтой, ухаалаг, хамтын түүхэн шийдвэрүүдийг хүлээж байна.

   Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монголд хэрэгжсэн том төслүүдийн цаана зөвхөн хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулалт л байсан. Харамсалтай нь бид олон боломжийг алдсан. Төр ТЭЗҮ дээр түүх болон үлдэж, 3D макет дээрээ гацсан төслүүдтэйгээ өнөөдрийг хүрлээ. Нэг ч бодитой хөтөлбөр хэрэгжүүлээгүй мөртлөө хөрөнгө оруулагчдаа үргээн, хөгжих боломжоо хааж ирсэн. Дэмжлэг нэртэй ч хоосон амлалт төдий шийдвэрүүд, популист хандлага, улс төрийн тогтворгүй байдлын үр дүнд салбарын өрсөлдөх чадвар улам хязгаарлагдсаар байна.

    Шийдлээ зөв тодорхойлсон ч хэрэгжилтийн шатанд гацдаг, улмаар улс орны хөгжилд хор хохирол учруулж буй жишээ олон. Салхитын мөнгөний орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт, Төгрөг нуурын ордын асуудал гээд харалган бодлого, булаалт, дээрэнгүй байдал давамгайлж, хувийн хэвшлийн эрх ашгийг үл хайхарч ирсэн. Баялаг бүтээж, төсөв бүрдүүлэх ёстой төрийн өмчит компаниудын ихэнх нь ашиггүй ажиллаж, тавхан том компани эдийн засгийг “тэжээж” яваа нь маргах аргагүй үнэн.

      Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлье гэсэн ч татварын албанаас өндөр дүнтэй акт, торгууль тавих, дансыг нь хаах зэргээр олон компанийн бизнесийн үйл ажиллагааг тасалдуулж байна. Татварын маргаан шүүхийн шатанд удаан хугацаагаар сунжирч, энэ хэрээр бизнесийн өртөг цаг минутаар нэмэгдсээр байдаг. Татвар ногдуулахдаа ч татварын шударга байх зарчмыг үл тоож, чөлөөт өрсөлдөөнийг боомилж байгаагийн нэг жишээ нь АМНАТ.  АМНАТ ногдуулж буй өнөөгийн зохицуулалт нь нүүрс, зэс экспортлогч компаниудад олоогүй орлого, баталгаажаагүй дүнд үндэслэн төлбөр ногдуулж, эдийн засгийн эрсдэлийг зөвхөн компаниудад үүрүүлж байна. Энэ мэт татварын гажуудлуудыг засаж,  хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх цаг ирсэн.

   Өнөөдөр залуу үе халамж горьдох бус, харин эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажиллаж, хөдөлмөрөө шударга үнэлүүлэхийг хүсэж байна. Энэ бол зөвхөн хувь хүний хүсэл биш, дараагийн 30 жилийн Монголын ирээдүйн баталгаа. “Хүн” хамгийн үнэт капитал гэдгийг бид мартаж болохгүй. Гэтэл боловсрол, хүний хөгжилд чиглэсэн бодлого сулран, баялгаас олсон орлогоо “хүн” рүүгээ оновчтой чиглүүлээгүйгээс чадварлаг боловсон хүчин гадагш урсаж, эх орондоо үнэлэгдэж чадахгүй байна. Уул уурхайгаас олсон мөнгөөр бид томоохон төсөл хэрэгжүүлэх нь бүү хэл эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбараа ч олигтой өөд нь татаж чадсан уу гэдгийг бодох хэрэгтэй.

   Ардчиллын ачаар Монгол Улс гадаад зах зээлд нээлттэй холбогдсон ч төрөөс уул уурхайн төслүүдэд хувь эзэмшил тогтоож, хатуу хяналт тогтоох замаар чөлөөт өрсөлдөөнийг гажуудуулсаар байна. Хэрэв хөгжингүй орнуудын жишгээр гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залуусын мэдлэг, ур чадварыг оновчтой ашиглаж, шинэ технологи, ноу-хауг нэвтрүүлж чадсан бол бидэнд илүү хурдтай урагшлах боломж байсан. Гэтэл эсрэгээрээ пи-ар, сурталчилгаа, хоосон уриа лоозонд хэт найдсанаас бодит, бүтээлч хөдөлмөр, шинэ санаачилга хумигдаж байна. Монгол Улс олдсон боломжоо бүрэн ашиглалгүй, “цүнх баригч” улс төрийн соёлоосоо ангижирч чадахгүй байна.

    Цаашид бид өнгөрснөө дахин дахин сөхөж, алдаагаа давтах бус хүлээн зөвшөөрч, урагшаа харж ажиллах учиртай. Ингэж ажиллахыг цаг үе шаардаж байна. Энэ цаг үед хоосон ярих бус, бодитоор бүтээх шаардлага тулгарч байна. Бидэнд нэн түрүүнд хэрэгтэй зүйл бол тогтвортой бодлого, тодорхой тоглоомын дүрэм, шударга өрсөлдөөн. Хөгжлийг гацааж буй хуучин хэв маяг, популист улс төрийн нөлөөллөөс ангижирч, бодит үр дүн, зөв менежментэд суурилсан шинэ бодлого өнөө үгүйлэгдэж байна. Эрдэс баялгаас олсон өгөөжөө шударгаар, тэгш хүртээх нь зүйтэй гэдэгт нийтээрээ санал нийлдэг ч бодит зарцуулалт, хөрөнгө оруулалт буруу чиглэж, ухарсан, үр дүнд суурилсан бус, өнгөрснийг сөхсөн шийдвэрүүд давамгайлсаар байна.

   Шинэ төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдах, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, улс төр, бодлогын тогтвортой байдлыг хангахад шийдвэр гаргагчдын идэвхтэй оролцоо чухал. Тиймээс шинэ, залуу УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг эрдэс баялгийн салбарыг улс төрийн богино хугацааны ашиг сонирхлоор бус, урт хугацааны хөгжлийн бодлогоор хардаг улс төрийн шинэ соёлыг бий болгооч гэж уриалж байна.   Цаг үе өөрчлөгдөж байна. Шийдвэр гаргах арга барил ч өөрчлөгдөх ёстой.

   УИХ-ын гишүүн, хууль тогтоогчийн хувиар тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, холбогдох мэдээллийг авах боломж нээлттэй атал олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийж буй нь асуудлыг бодитоор харах бус, иргэдийг төөрөгдүүлэх эрсдэлийг дагуулах боллоо. Хувийн хэвшил бизнесийн зарчмаараа хөгжих нь зөвхөн цөөн хэдхэн компанийн асуудал биш, Монгол Улсын эдийн засагтай холбоотой чухал асуудал билээ. МУУҮА нь нэгдмэл байр суурьтай байж, салбарын компаниудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр улам идэвхтэй ажиллах болно.

Уул уурхайн салбар байгалийн баялгийг ухдаг биш , улс орны хөгжлийг урагшлуулдаг салбар.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.