“Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний уулзалт Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна
Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах шийдэл, туршлага, бодлогын чиглэлийг хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний уулзалт өнөөдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, Канад Улсын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж буй тус уулзалт, хэлэлцүүлгийг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ "Монгол Улсын Уул уурхайн салбар бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн том тулгуур багана. Энэ салбарт Эрдэнэт үйлдвэр 47 жилийн турш үндэсний хөгжлийн гол хөдөлгөгч хүч байсаар ирлээ. Түүнчлэн, уул уурхайн салбар шинэ стратегийн эрин үе рүү алхах боломжийг нээж байна. Газрын ховор элемент зэс, молибден зэрэг ашигт малтмалын эрэлт өсөн нэмэгдэж байна. Энэ үед Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн компаниудыг түүчээлэн тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ стандарт бидний шийдвэр гаргалт, стратеги, хүний нөөцийн бодлогын чиглүүлэгч байх болно” хэмээн онцлов.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Уул уурхайн асуудал нь зөвхөн салбарын бус, улс орны чухал асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа Монголын хоёр дахь том бүтээгдэхүүн болох зэсийн салбарын гол төлөөллүүд энд цугласан нь "Уул уурхайн долоо хоног"-ийн өмнө олон нийтэд салбарын чиг хандлагыг харуулах том утга агуулж байна. Монгол Улсын эдийн засгийн суурь уул уурхайн салбараас хамааралтай гэдэгтэй хэн ч маргахгүй. Хуулийн шинэчлэл яригдаж, салбарын хөгжлийг тодорхойлох үед ганцхан нүүрснээс хамааралтай эдийн засгаа хэрхэн өөрчлөх, өнгөт металлын салбараа дэлхийд хэрхэн гаргах, зах зээлд байр сууриа хэрхэн эзлэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал юм. Нүүрсний салбарт туршлага хуримтлуулж, алдаа оноогоо бид засаж байгаа. Одоо өнгөт металлын салбарын тоглогч болох бодлогоо хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс хуулийн шинэчлэлийг энэ чиглэлд чиглүүлэх, ахиц дэвшил гаргах байдлаар энэ уулзалт зохион байгуулагдаж байна. Хагас зуун жилийн түүхтэй Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэр олон улсын TSM стандартыг “Тогтвортой уул уурхайн төлөө” хэрэгжүүлэхээр зориглон, анхны зөвлөмжөө авсан нь зөвхөн байгууллагын үйл ажиллагаа бус, Монголын нийт ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон “Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч” гэдэг заалтыг хэрэгжүүлэх томоохон суурь юм. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газруудын 10 хувийг хөрөнгийн биржид арилжаалах суурь нь сайн засаглалыг бүрдүүлэхэд оршдог. Сайн засаглалыг хэрэгжүүлснээр компаниуд өндөр үнэлгээтэйгээр олон улсын зах зээлд IPO хийх боломжтой болж, энэ зорилтын суурь нь TSM стандарт болно гэж Эрдэнэт үйлдвэр болон салбарын бусад байгууллагууд үзэж байна. Иймд зөв засаглалыг бүрдүүлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан хамгийн том асуудлыг шийдэх түлхүүр юм" хэмээн онцоллоо.
МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл "Бид уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ажиллах талаар авч хэлэлцэхээр цуглаад байна. Канад Улсын Уул уурхайн салбарын ерөнхийлөгч өөрийн туршлагаа хуваалцахаар ирсэнд талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж, ажиллуулахад хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Ер нь байгалийн баялгийг хэрхэн хамгаалах, яаж зөв ашиглах, энэ нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар анхаарч ажиллах ёстой юм” гэв.
Уулзалтад оролцогч талууд Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, бодлого, шийдлүүдээ танилцуулах илтгэл хэлэлцүүлж байна.