"Эрдэнэс Ресурс" компани Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг наймдугаар сард танилцуулсан. Төслийн үргэлжлэх хугацаа найман жил. Ирээдүйд ордын нөөц нэмэгдэх магадлалтай тул уурхайн насжилт цаашид уртсах боломжтой. Баянхөндий ордын одоогийн тогтоогдсон нөөцөөр уурхайн ашиглалтын хугацаа 6 жил, 9 сар.
Уурхайн хаалтын хугацааг нэг жилээр төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжих хугацаанд улс болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 143 сая ам.доллар төлж, Баянхонгор аймагт 500 гаруй шинэ ажлын байр бий болно.
Баянхөндий алтны төсөл нь 2025 онд ашиглалтад орсноор дэлхийн хамгийн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой алтны уурхайн нэг болох юм. Тэрчлэн гадна Монгол Улсын хамгийн том алт олборлогч аж ахуйн нэгжээр тооцогдох юм.
Шинэчилсэн ТЭЗҮ нь Баянхөндий болон Хар Морин Дэл ордуудын нэмэлт нөөцийг багтааснаар олборлох алтны хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж, төслийн эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулжээ. 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад, 476 мянган унц алт олборлохоор байна. Жилд дунджаар 74,2 мянган унц алт олборлох тооцоолол гаргажээ.
“Эрдэнэ Ресурс”-ийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Баянхөндий алтны төсөл нь уламжлалт аргаар олборлон, боловсруулах боломжтойгоос гадна өртөг бага, ирээдүйд тэлэх боломжтой. Төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын баруун өмнөд бүсэд бий болох томоохон уул уурхайн цогцолборын эхлэл гэж бид харж байна. Үнэт болон суурь металлын нөөцийг хайгуул геологийн судалгааны хүрээнд нэмэгдүүлэн, ирээдүйд төслийн цар хүрээг тэлэх хэд хэдэн боломжуудыг тодорхойлсон. ММС-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд бид олборлолтын шат руу хурдацтай ахиж байна. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлсэн, 2025 онд анхны алтыг олборлохоор төлөвлөж байна" хэмээн онцолсон.
“Эрдэнэ Ресурс” нь өнгөрсөн улиралд Монголиан Майнинг Корпорэйшн (“ММС”)-тэй байгуулсан Стратегийн түншлэлийн хоёрдугаар үе шатыг эцэслэснээр Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлууд эхэлсэн.