ФЛСмидт компани нь 1882 онд үүсгэн байгуулагдсан, 143 жилийн түүхтэй, Дэлхийн 50 гаруй оронд салбар компанитай, 11,000 гаруй мэргэшсэн инженер, техникийн ажилтантай, цемент, уул уурхайн баяжуулах үйлдвэрийн салбарт судалгаанд суурилсан инженерчлэл, дэвшилтэд технологийг шингээсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт суурилуулалт, технологи нутагшуулалт, хөгжүүлэлт, мэргэжилтэн сургалт олгох зэрэг мэргэшсэн цогц үйлчилгээ үзүүлдэг Дэлхийд танигдсан оюуны өмч эзэмшигч, олон улсын Nasdaq, Copenhagen хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй тэргүүлэгч компани юм.
2011 онд бид Монгол Улсад өөрийн охин компани болох ФЛСмидт Монголиа ХХК-ийг байгуулж, олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний инженерүүдийг бэлтгэн хөгжүүлж, олон арван үндсэн ажлын байрыг бий болгосон шилдэг татвар төлөгч компани юм. Бид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уул уурхайн компаниудаар түүчээлсэн дотоодын 250 гаруй ханган нийлүүлэгч, аж ахуй нэгж, компаниудтай тогтвортой хамтран ажиллаж ирсэн ба үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гар бие оролцож, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархалтай байдаг.
Бид 2011 оноос хойш Оюу Толгой ХХК-ийн Хүдэр баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 70 хувийг, МАК ХХК-ийн Даланжаргалан дах ХӨХ ЦАВ Цементийн үйлдвэрийг 100 хувь, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр, Ухаа Худаг уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 70 хувь зэргийг нийлүүлж, тэдгээрийн ашиглалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд сэтгүүлч С.Б нь Хятад Улсын худалдааны компанийн захиалгаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Өндөр даралтат булт нунтаглагчийг нэвтрүүлэх” төслийн тендер шалгаруулалттай холбоотойгоор илт худал мэдээлэл тарааж, түүгээрээ манай компанийн нэр хүндэд халдаж, манай бүтээгдэхүүнийг харлуулж, хэт нэг талыг барьсан видео мэдээллийг олон нийтэд түгээж байгааг манай компанийн нэр хүндэд захиалгатайгаар, санаатайгаар халдаж буй үйлдэл гэж үзэж байна.
Тухайлбал, сэтгүүлч С.Б-ийн хийсэн видео бичлэгт ФЛСмидт Монголиа ХХК-аас дээрх тендерт ирүүлсэн тендерийн баталгааг тендер хүчинтэй байх хугацаанаас өмнө дууссан гэж дурдсан. Тус тендер нь холбогдох дүрэм журмын дагуу цахимаар хэлбэрээр явагдсан ба тендерт оролцсон бүх компани тендерийн материалаа цахимаар хүргүүлсэн. ФЛСмидт Монголиа ХХК нь Худалдаа хөгжлийн банкны цахим тендерийн баталгааг тендерийн цахим системд оруулсан. Цахим тендерийн баталгааны 4 дэх хэсэгт “Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Баталгаа гаргагч энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан тухай мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд баталгааг хугацаанаас өмнө хүчингүй болгож болно” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч С.Б-ийн видео бичлэгт дурдсан ФЛСмидт Монголиа ХХК тендерийн баталгааг тендер хүчинтэй байх хугацаанаас өмнө дуусах хугацаагаар гаргаж өгсөн гэдэг нь огт үндэслэлгүй юм.
Түүнчлэн, манай компани “Өндөр даралтат булт нунтаглагчийг нэвтрүүлэх”-тэй холбоотойгоор “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан Вэйхай Чангтэ Индастриал Майнинг Машинэри Компани Ко.Лтд-ийн нэхэмжлэлтэйгээр үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, тендерийн баримт бичигтэй холбоотой тайлбар, мэдээллээ бүх шатны шүүхэд бүрэн гаргаж өгсөн.
ФЛСмидт компани бол олон улсын томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа нээлттэй арилжаалдаг, үйл ажиллагаагаа өндөр хяналт шалгалт, стандарт дор явуулдаг хариуцлагатай компани юм. ФЛСмидт тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд аливаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байх хатуу зарчмыг баримталж, үйл ажиллагаа явуулж буй улсынхаа хуулийг дээдэлж, ягштал дагаж мөрдөж ажилладаг гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сэтгүүлч С.Б тус видео бичлэгээ бэлтгэхдээ манай компаниас ямар нэгэн тайлбар, мэдээлэл аваагүй. Түүний видео бичлэг нь хараат бус сэтгүүл зүй бус, хэт нэг талын ашиг сонирхлын үүднээс захиалгаар хийгдсэн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон манай компани, цаашлаад Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг илт буруутгасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролдсон зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна.
Хэрэв сэтгүүлч С.Б-ийн зүгээс манай компанийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэлдээ уучлалт гуйж, үнэн бодит байдалд нийцсэн залруулга хийхгүй бол компанийн болон бизнесийн нэр хүндээ хамгаалах зорилгоор хуулийн дагуу хууль хяналтын байгууллагад хандахаа үүгээр мэдэгдье.
ФЛСМИДТ МОНГОЛИА ХХК
2025-12-01