Б.Лхагважав: Хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд буруу байхгүй, тэднийг харлуулах ажлаа улстөрчид зогсоо гэж хэлье
3 Өдрийн өмнө
241
Б.Лхагважав: Хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд буруу байхгүй, тэднийг харлуулах ажлаа улстөрчид зогсоо гэж хэлье
Хувийн хэвшлийн орон зай хумигдаж, бизнесийн орчин сүүлийн жилүүдэд улам доройтох болсон. Аж ахуйн нэгжүүд айдастай, татварын дарамт нэмэгдсэн, төрийн оролцоо эдийн засагт их болсон нь улс орны тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрх ашиг нь зөрчигдөх болсон. Энэ байдалтай холбогдуулан бизнесийн дуу хоолой болсон төрийн бус байгууллага, холбоод нэгдмэл байдлаар байр сууриа өнөөдөр илэрхийллээ.
 
Тодруулбал, МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Улаанбаатар хотын худалдааны танхим, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим, “CEO” клуб, Монголын даатгалын зах зээлийн холбоо, Монголын сав баглаа үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Бизнесийн зөвлөл хамтарсан мэдэгдэл хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн нэр төр, үйл ажиллагаанд улстөрчид санаатайгаар халдаж, өөрсдийн бохир улс төрийн үйл ажиллагаанд хүчээр холбох, гүтгэх болсныг дурдаад, энэ байдлаа даруй зогсоохыг тэд шаардсан юм. 
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав "Улс төрийн хувийн явцуу эрх ашгаа хангаж, хамгаалахын тулд хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгжээ хэлмэгдүүлж, том, жижиг, хүний өөрийн гэхгүй барьж авч нүддэг, элдвээр цоллож, гүтгэдэг, доромжилдог энэ байдал хэрээс хэтэрч байна. Татвар төлөөд Монгол Улсын 1.1 сая хүнийг ажлын байраар хангаад, ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэдэг ААН, хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд буруу байхгүй. Намын дотоод асуудлаа улс орны асуудал мэт улстөржүүлж, аж ахуйн нэгжүүдээ хүртэл үүнд хамруулан буруутгаж, нийгэмд сөрөг ойлголт өгч байна. Ийм төр, ийм улс байж таарахгүй. Улс төр, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хэрүүлдээ ажлаа хийж яваа татвар төлөгчдөө хавчуулан гадуурхаж, нэр төрд нь халдаж болохгүй" гэв.
 
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Сүүлийн 20 гаруй жил эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар улстөржилтийн гол бай нь болж явж байна. Улс төрийн намууд нь буруу ташаа мэдээлэл өнөөдөр тарааж, салбарыг бүхэлд нь үгүйсгэх, харлуулах ажиллагаа дэндлээ. Улстөржилтөөс болж салбарын тогтвортой хөгжил ухарч, үйл ажиллагаа нь тодорхой бус байдал руу орж байна. Нийгэмд салбарын талаар маш буруу ойлголтыг бодлого тодорхойлогчид өгч, уул уурхайн компани гэхээр хулгайчид юм шиг сөрөг мэдээллийг жинхэнэ хулгайчид нь тарааж байгаад харамсаж байна. Нүүрсний хулгайг энэ салбараас салгаж ойлгох хэрэгтэй. Хувийн хэвшлүүд татвараа төлөөд явж байна. Харин тэр төвлөрүүлсэн татварын орлого, төсөвт хяналт тавих, түүний зарцуулалтад иргэний нийгэм, олон нийт анхаарч үзэх цаг болсон. Төсөв болон төрийн өмчит компаниудад хулгай бодитоор байдаг гэдгийг харлаа" гэлээ.
 
“CEO” клубын Ерөнхийлөгч Б.Гантулга "Урагшлах бус ухарч, өнөөдрийн хүрсэн ололтоосоо буцаж, бүхнийг нийгэмчилнэ гээд хувийн хэвшил, үндэсний компаниуд руу төр халдаад байна. Өнөөдрийн ийм уур амьсгал, нөхцөл байдалд дунд шинэ хөрөнгө оруулагч орж ирэхгүй, хөрөнгө оруулагч гэж хэлж болох хүмүүс өнөөдөр байхгүй болчихлоо. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдаа бид дээрэмдэх, эрх ашгийг нь зөрчих, эд хөрөнгийг нь булаах байдлаар хөөгөөд явуулсан. Одоо үндэсний компаниуд руугаа энэ байдал шилжиж, тэднийгээ ноцож эхэлж байна. Монголын хувийн хэвшил дотроосоо хамгийн том, эхний тавд орох MCS-ийн хөрөнгийг төрд хурааж авна гэж байна. Төр хувийн хэвшлээ дэмжих, хамгаалах бус харин эсрэг хөрөнгийг нь хураана гэж ярьж байгаа явдал тогтолцоо буруу тийшээ яваад байгааг хэлж, харуулж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. medegdel_251010 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.