Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг Хэнтий аймгийн төв Чингис хотноо өнөөдөр боллоо. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. Хоёр жилийн өмнө зүүн бүсийн өдөрлөг Чойбалсан хотноо болж байсан юм.
Уул уурхайн салбарт хариуцлагатай хөгжлийн ойлголт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой тус өдөрлөгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын төрийн байгууллага, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар үг хэлж, хариуцлагатай уул уурхайн бодлого, хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн уялдаа нь салбарын тогтвортой байдалтай холбоотойг онцоллоо.
“Цайрт минерал” ХХК-ийн дэд захирал Б.Бат-Эрдэнэ компанийн нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал, ажилтны аюулгүй ажиллагаанд чиглэсэн бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулсан бол Үндэсний геологийн албанаас геологийн судалгаа хариуцлагатай уул уурхай, АҮЭБЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар “Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх төрийн бодлого, хэрэгжилт”-ийн талаар, мөн Экологийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч Н.Чулуунхүү “Хууль бус олборлолттой тэмцэх үйл ажиллагаа”-ны талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Өдөрлөгийн хүрээнд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж, оролцогч талууд уул уурхайн төслөөс орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар саналаа илэрхийллээ.
“Зүүн бүсийн хариуцлагатай уул уурхай” өдөрлөгийг Шинь Шинь ХХК, Цайрт Минерал ХХК, Макс Групп, Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ, UK in Mongolia дэмжин оролцлоо.