Э.Батшугар: Нүүрсэн дээр офтэйк гэрээ хийгээд төмөр замаа барьж байгаа нь хамгийн ашиггүй хөрөнгө оруулалт
Э.Батшугар: Нүүрсэн дээр офтэйк гэрээ хийгээд төмөр замаа барьж байгаа нь хамгийн ашиггүй хөрөнгө оруулалт
Мөнгөний бодлого, валютын ханш, 1072 хувьцаа, түүний үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх тухай, Төрийн өмчит компанийн засаглал, 8 хувийн зээлийг 6 хувь болгох боломж, цахимжилт, Монгол Улсын гадаад өрийн менежмент, өрийн түвшин, эргэн төлөлт сэдвээр ...

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай ярилцлаа. 

-Та 2024 оны Мөнгөний бодлогыг батлах үеэр уламжлалтаас гадна нээлттэй, шинэ механизм нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж ярьсан. 2013, 2014 оны үед салхи оруулсан шинэчлэлийг хийж байсан. Одоо бол харьцангуй тогтчихоод байна. Энэ дээр илүү задалж ярья гэж бодож байна. 

-Мөнгөний бодлого дээр би нэг байр суурьтай байгаа. Юу гэхээр Монголбанкны албан нөөц 5 тэрбум ам.долларт тун ойртлоо. Хүрсэн үндсэн аргачлал нь Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэх мэтчилэн Монголд валютын орлого авчирч байгаа компаниудын долларыг авах буюу Монголбанк өөрсдөө нэг ёсондоо ченж хийгээд байгаа. Энэ нь мэдээж албан нөөц ийм хэмжээнд хүрэхэд хэрэгтэй байсан. Гэхдээ одоо үүнээс үе шаттай гарах нь зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ нь валютын захын зах зээлийн үйл ажиллагаа, механизмыг эвдээд байгаа юм. 

Товчхондоо, Монголбанк төгрөг өгөөд өөрсдөө валют авчихаар тэр төгрөг нь арилжааны банкуудад очоод, эргээд Монголбанкны үнэт цаас болж хувираад байна л даа. Энэ нь хоёр үр дагавартай. Нэгдүгээрт, Монголбанк ингэж ченжийн шинжтэй ажилласнаараа мөнгөний нийлүүлэлтийг хиймлээр өсгөөд байна. Хоёрдугаарт, зах өөрөө валютгүй болчхоод, долларын ханш сулрахгүй байна. Зөв механизм нь долларын орлоготой компаниуд банкаар дамжуулан доллароо төгрөг болгоод явбал М2 буюу мөнгөний нийлүүлэлтийг өсгөхгүй. Ингэхээр банкуудын активд байгаа төгрөг, гадаад валютын коэффицент нь зохистой харьцаанаас тодорхой хэмжээнд давбал банкууд өөрсдөө Монголбанканд доллароо зарах гэж очих учиртай. Ингэж байж төгрөгийн ханш буурна. Монголбанкны албан ханш гэдэг бол өмнөх өдрийн банкуудын жигнэсэн дундаж ханш шүү дээ. Ийм зүйлийг хийх хэрэгтэй байгаа. 

-Тэгэхээр банкууд валютыг бариад, ханшийн зөрүүн дээр ашиг хийх эрсдэл байгаа юм биш үү? 

-Өмнө нь тийм кэйс гарч байсан. Гэхдээ үүнийг Монголбанк бүрэн хянах боломжтой. Төв банкны Хяналт шалгалтын газар зах зээлд манипуляц хийлгэхгүйгээр хянах боломжтой. Ингэж явбал төгрөгийн ханш эргэж чангараад, төгрөгийн худалдан авах чадвар нэмэгдэнэ. Мөн импортын шалтгаантай инфляц буурах нөхцөл бүрдэнэ. Энэ нь ч өөрөө эрүүл тогтолцоо гэж харж байгаа. Хоёрдугаарт миний фокуслаад байгаа зүйл бол 8%-ийн ипотекийн зээлийн хүүг 6% руу шилжүүлэх. 8%-ийн ипотекийн зээл авсан хүмүүс бодлогын цаг хугацааны золиос болчхоод байгаа юм. Тэр хүн 2020 оноос өмнө ипотекийн зээл авснаараа буруутаж болохгүй. Монголбанк гэнэт л дүрэм журамдаа өөрчлөлт оруулаад 6%-руу шилжүүлсэн. Энд санхүүгийн хувьд шударга ёс яригдаж байгаа юм. 

-Энэ нь хэр боломжтой гэж та харж байгаа юм бэ?

-Бүрэн боломжтой. Улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төв банк өөрөө ристракчюринг буюу дахин зохицуулалт хийх боломжтой. 2013 онд жилийн 24, 26%-тай байсан арилжааны банкуудын орон сууцны зээлүүдийг ипотекийн зээл рүү шилжүүлэхэд Монголбанк 398 тэрбум төгрөг гаргаад хийсэн. Бүх арилжааны чанартай зээлүүдийг ипотек руу хөрвүүлсэн. Үүнтэй адилхан 8%-ийн зээлийг 6% руу шилжүүлэх бүрэн боломжтой л доо. 

Үүнд 400 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө нь инфляц үүсгэнэ гэж шүүмжлээд байгаа. Гэхдээ би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь мөнгөний нийлүүлэлт өнөөдөр 36 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнийг 400 тэрбум төгрөгтэй харьцуулахад маш бага, инфляцыг шууд хөөрөгдөх хэмжээ биш. Харин эсрэгээрээ Монголбанк өөрөө гадаад валют худалдаж аваад мөнгө өсгөөд байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр иймэрхүү чиглэлд ажиллах нь зөв гэж хараад байна. 

-Иргэдийн хувьд 6%-руу шилжүүлэх талаар хүлээлт үүсээд байна л даа. 

-Маш их хүлээлттэй байна. Нэг иргэний хувьд дунджаар тооцоод үзэхээр сарын төлбөр нь 150,000 орчим төгрөгөөр буурах юм билээ. Энэ нь макро түвшинд аваад үзэхээр макро эдийн засгийн эрэлтийг 150 мянган төгрөгөөр буюу нэг иргэний худалдан авах чадварыг энэ хэмжээгээр нэмэгдүүлнэ шүү дээ. Энэ нь өөрөө эерэг нөлөөтэй. 

-Энэ дээр Монголбанк илүү их санаачилгатай ажиллах хэрэгтэй юу?

-Монголбанк өөрөө хийчхэж болно. Зээлийг нь худалдаж аваад дахин зохицуулалт хийгээд эргээд гаргаж болно. Өмнө нь хийж байсан кэйс болохоор давтаад хийх боломжтой.  Монголбанкан дээр шинэ хэрэгсэл гаргах тухай хөндөгдсөн. Яахав, сүүлийн үед янз янзын шинэ хэрэгслүүд гарч байна л даа. Бид бол зах зээлийн эдийн засгийн онолоор явж байгаа ч Монгол Улсын эдийн засаг өөрөө онцлогтой. Нэгдүгээрт, жижиг. Уул уурхайд суурилсан, санхүүгийн системийн 85%-ийг арилжааны банкууд эзлээд байгаа. Үүндээ тулгуурлаад өөр янз янзын мөнгөний бодлогын хэрэгслүүд оруулж ирэх бүрэн бололцоотой. Гэхдээ тэрийг мэргэжлийн байгууллагууд хийж, бусад орны туршлагыг судлах ёстой. Түүнчлэн өөрсдөө идэвхтэй, санаачилгатай ажиллаж, мөнгөний бодлогоор хэрхэн дамжуулж мөчлөгийн эсрэг эдийн засгийн тохируулга хийж болох вэ гэдгийг харах хэрэгтэй. 

-Монголбанкны мөнгөний бодлогыг өмнө нь та тодорхойлоод ажиллаж байсан бол өнөөдөр мөнгөний бодлогыг та батлаад сууж байгаа. Монголбанк хараат бус ажиллах, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин байгаа ч бодит байдал дээр хэрэгжиж чадаж байна уу?

-Бүрэн хангагдаж чадаж байна гэж харж байгаа. Гэхдээ нэг зүйл хэлэх хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байна. Үүнийг дагаад арилжааны банкуудын хүү өндөр байна. Хүү өндөр болохоор инфляцад нөлөөлөөд байгаа. Яагаад гэвэл зээл аваад ашиг хийхийн тулд хувийн хэвшил бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнээ өсгөнө. Тэгэхээр энд бие биенээ идээд байгаа цикль яваад байна л даа. Үүнийг бууруулахын тулд түрүүн хэлсэнчлэн зах зээлийн зарчимд нь шилжүүлмээр байна, гадаад валютыг. Одоо бол долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаагаар 100 сая доллар зах руу гаргаж байна. Энэ нь балансаа л барьж байгаа. Гэтэл манай төлбөрийн тэнцэл түүхэндээ анх удаа 590 сая ам.доллароор эерэг гарлаа. Гадаад худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.доллароор эерэг гарлаа. Урсгал данс 1998 оноос хойш анх удаа эерэг гарлаа шүү дээ. Тэгэхээр макро түвшиндээ зөв яваад байгаа мөртлөө арилжааны банк болон эдийн засагтайгаа гадаад валютын энэ огцом өсөлт уялдахгүй, эргэлтэд орохгүй байна л даа. 

-Та Монголбанкны мөнгөний бодлогыг хэлэлцэж байх үед бас хэлж байсан, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа аль аль нь ашигтай гарсан гээд. Гэтэл иргэдийн амьжиргааг аваад үзэхээр төлбөрийн тэнцлийн тэр үзүүлэлт хэзээ, ямар байдлаар нөлөөлөх вэ? Энэ өсөлтийг яаж хүртээх вэ? Эдийн засаг өсөөд байна, гэтэл яагаад миний амьдрал сайжрахгүй байна вэ гээд байна шүү дээ.

-Наадах чинь л одоо хамгийн үндсэн асуудал байгаа юм. Мөнгөний бодлого талдаа эдийн засгийн эргэлтэд макро үзүүлэлтүүд  иргэдийн амьдралд нэгдүгээрт ханшаар дамжиж очих ёстой. Хоёрдугаарт зээлийн хүүгээр дамжиж очих ёстой. Тэр систем нь бүрэн ажиллахгүй байна л даа. Ажиллахгүй байгаа нэг шалтгаан нь Монголбанк хамаг валютаа өөр дээрээ барьчхаад, зах руугаа балансаа барих хэмжээний доллар л өгөөд байгаа явдал. Ингээд ханш буурахгүй байна. Нөгөө талаар төв банк бодлогын хүүгээ бууруулж чадахгүй байна, инфляц өндөр байна гээд. Тэгэхээр өөрөө өөрийгөө идээд байгаа механизм л эндээс харагдаад байгаа юм. 

Тиймээс эхлээд зах руугаа долларыг өгвөл ханш буурна. Энэ нь өөрөө импортын инфляцыг бууруулах үндсэн хөшүүрэг болно. Үүний дараа инфляц буураад 6% руу ороод эхлэхээр Монголбанканд бодлогын хүүгээ бууруулах орон зай гарч ирнэ. Бодлогын хүүгээ бууруулахаар банкуудын арилжааны чанартай зээлийн хүү буурна. Энэ нь ахиад инфляц буурах шалтгаан болно. Энэ мэтээр дам дам нөлөөллөө үзүүлэх учиртай. 

Хоёрдугаарт, Монгол Улсын нийт ДНБ 6.9%-аар өссөн нь ард иргэдэд яагаад мэдрэгдэхгүй байна вэ гэсэн том асуудал байна. Энэ нь хоёр шалтгаантай гэж харж байгаа. Нэгдүгээрт, манай өсөлтийн дийлэнх нь уул уурхай болон тээвэр ложистикийн салбараас ирж байгаа. Гэтэл уул уурхайн салбарт 20 гаруй мянган хүн л ажилладаг шүү дээ. Харин худалдаа үйлчилгээний салбарт өсөлт гарсан эерэг үзүүлэлт бол гадаадаас ирсэн 700 орчим мянган жуулчинтай холбоотой гэж харж байгаа. 

Таны асуултад хариулахад, ер нь эдийн засагт гарч буй эерэг өсөлт иргэдийн худалдан авах чадварт л нөлөөлөх учиртай. Цалин нэмэгдэх ёстой, авч байгаа зээлийнх нь хүү буурах ёстой, сарын эцэст халаасанд нь хадгаламжид хийх тодорхой хэмжээний мөнгө үлдэх ёстой. Инфляц өндөр болохоор цалинг нь идээд байна гэсэн үг. Иймэрхүү үзүүлэлтүүд харагдаж байна. 

-Мөнгөний бодлого, макро эдийн засгийн талаарх яриагаа дуусгаад уул уурхайн салбар руу оръё. Нүүрсний сонсгол гээд боллоо. ТӨК-иудын алдагдлыг бууруулж, үр ашгийг сайжруулахын тулд цаашид ямар механизмаар ажиллах ёстой юм бэ?

-Ер нь хамгийн хурдан хийх боломжтой зүйл бол ерөөсөө л хөрөнгийн бирж дээр гаргах. Хөрөнгийн биржид гаргасан компаниудынхаа засаглалыг олон улсын жишгээр тавих хэрэгтэй. Жишээ нь бидний байнга ярьдаг “Рио Тинто” компани бол ТӨК шүү дээ. Төрийн өмчит компани гэдэг нь юу гэхээр хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын Төрийн өмчит компани. Чайна Алуминиум Корпорэйшн 11%-ийг нь эзэмшдэг. Бусад нь 1-2 хувь гээд явдаг. Тэгсэн мөртлөө засаглал нь маш сайн. Янз бүрийн хулгай гардаггүй. Гарвал тэр дор нь шууд хариуцлага тооцчихдог. 

Хэчнээн Хятадын Засгийн шууд бусаар эзэмшиж байгаа ч гэсэн яагаад сайн байна гэхээр Рио Тинто Лондон болон Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг. Биржүүдийнх нь шалгуур маш өндөр, хараат бус байдаг. Түүнчлэн менежмент нь, ТУЗ нь бие биедээ хяналтаа сайн тавьж чаддаг. Тэгэхээр манай хөрөнгийн биржид бид энэ жишгээр л шалгуур тавих ёстой. 

-Жишээ нь, ЭТТ, Эрдэнэтийг ч юм уу шат дараатай хөрөнгийн биржид гаргах хэрэгтэй байх нь, тийм үү?

-Тийм. Нөгөө талаар заавал Монголын хөрөнгийн биржид биш, Лондоны, Канадын, Австралийн хөрөнгийн биржид гарч болно шүү дээ. Болохгүй бол Нью-Йоркт ч гаргаж болно. Тэгвэл засаглал нь шууд сайжирна. 

Хоёрдугаарт, өөрийнхөө 25-30 хувиа зараад тэр мөнгөөрөө дотоодын бүтээн байгуулалтыг хийж болно. Нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замаа барьж болно. Тэгэхэгүйгээр нүүрсээ бид офтэйк гэрээ хийгээд төмөр замаа барьж байгаа нь хамгийн ашиггүй хөрөнгө оруулалт. Өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт барина гэдэг санхүүчдийн дунд хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт гэж явдаг. Төслийн санхүүжилт хийх ёстой. Харин өөрийн хөрөнгөө Монгол Улсад эргэлдүүлээд гаднаас нэмж мөнгө босгоод бүтээн байгуулалтаа хийх ёстой. 

-Одоо уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрөнгийн биржээр арилжих хууль хэрэгжээд жил болох гэж байна. Одоо бол нүүрс, төмрийн хүдрээ биржээр арилжаалж байна. Цаашдаа зэсийн баяжмал гээд бусад таваараа арилжаална гэж байгаа. Одоогийн энэ тогтолцоог та юу гэж харж байна вэ? Биржийн арилжаа ил тод байдлыг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, оролцогчдын хүрээг тэлэхэд эерэг нөлөөлж байх шиг. Энийг яаж цаашаа үр дүнтэй авч явах вэ?

-Энэ бол зөв. Ингэснээр манай экспортын орлого шууд Монгол Улсдаа ирж байна, Монголбанкны нөөц болж хувирч байна. Тодорхой хүмүүсийн оффшор дансанд орохгүй, нүүрсний хулгай гарахаас сэргийлж чадаж байгаа механизм. Энэ нь цаашаа улам хөгжих ёстой. Өнөөдрийн манай биржийн арилжаад байгаа нүүрс болон төмрийн хүдэр бол хамгийн анхан шатны бирж буюу таваарын захтай адил яваад байна л даа. Одоо бол спот арилжаа явж байгаа бол ирээдүйд бид форвард арилжааг хийх ёстой. Бүр цаашлаад санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүн болох опшионал дериватив гаргах ёстой. Тэгж байж энэ тоглогч нар өнөөдөр бол зах зээлээ хараад төмрийн хүдэр болон нүүрсний ирээдүйн хэрэгцээгээ өнөөдөр худалдаж авна гэсэн үг шүү дээ. Тэгэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. 

Санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүн рүү арилжиж эхлэхийн тулд бид эхлээд хүний нөөцөө бэлдэх ёстой. Яагаад гэвэл опшионы үнийг тогтоодог модел нь Black-Scholes Model гээд маш хүнд модел байдаг. Тэрийг хийж чадах хүн одоохондоо Монголд байхгүй болов уу. Гэхдээ форвард хийх бүрэн боломжтой. Энэ нь ирээдүйн гэрээ учраас хамаагүй хялбар. 

batshugar_2 

-Уул уурхайн энэ асуудал бага багаар цэгцэрч байх шиг байна. Баялгийн сангийн тухай хууль явж байна. Цаашдаа уул уурхайн баялгийг зөв хуваарилах, ирээдүй хойчдоо өгөөжтэй байлгах, салбарыг нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй хөгжүүлье гэвэл юун дээр анхаарах ёстой гэж хардаг вэ?

-Энэ их өргөн сэдэв л дээ. Эхний ээлжинд одоо олборлож байгаа стратегийн ордуудаа ярихад Баялгийн сан бол хамгийн чухал. Яагаад гэвэл өнөөдөр бид энэ их баялгаа одоогийн энэ үеийнхэн өөрсдөө бүгдийг нь идээд, зарцуулчхаж болохгүй. Газар доорх баялаг бол монголчуудад заяагдсан, хэн нэгэн бүтээгээгүй зүйл шүү дээ. Тэгэхээр өнөөдөр болон ирээдүй үе, хүүхдүүдийн хүүхдүүд адил хүртэхээс гадна ард иргэдэд жигд хуваарилах ёстой. Хэдхэн компани олборлоод, ашиг хүртээд баяжаад байж болохгүй. Гуравдугаарт, тэр баялгаасаа сандаа хуримтлуулж, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгээд өсгөх ёстой. Норвегийн баялгийн санг бид байнга л ярьж байна. Гэхдээ заавал байгалийн баялаг байх албагүй. Жишээ нь, Сингапур, Хятадад байна, их хэмжээний гадаад валютын орлогоо шууд тэр дор нь зарахгүй, сандаа хийгээд явдаг. Сингапурын Темасек санг бүгдээрээ мэдэж байгаа, жилд 15 орчим хувийн өсөлттэй явж байгаа. Энэ бол эцсийн дүнд иргэддээ л зориулсан сан шүү дээ. Сингапур улсын худалдааны тэнцэл эерэг гараад бсан. Байнга тэгж гарах уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй ч өнөөдөр зарахгүй, санд хуримтлуулж, ирээдүйд юу ч болж магад гээд үлдээсэн. Хонг Конг, Тайвань хоёр мөн гадаад валютын албан нөөц маш өндөр, мөн менежментээр удирддаг сантай. Тодорхой, онцгой нөхцөл үүсэхээр төсөвтөө дэм болоод явдаг. 

-1072 хувьцаа гээд 2012 онд иргэдэд эзэмшүүлсэн. Тэр хувьцаа хэзээ эргэлтэд орох вэ? Компани уг нь ашигтай ажиллаад байна, экспорт сайн байна. 10 жил үхмэл хөрөнгө болж хэвтлээ.

-Миний анхны хариулттай л уялдаад байна л даа. Өнөөдөр харамсалтай нь Тавантолгой ашгаараа шууд төмөр зам бариад, бүтээн байгуулалт хийгээд байгаа байхгүй юу. Тэрнийхээ оронд IPO хийх, эсвэл гадаадын санхүүгийн байгууллагаас хямд эх үүсвэртэй зээл аваад түүгээрээ бүтээн байгуулалтаа хийгээд, хуримтлагдсан ашгаа ногдол ашиг болгоод иргэддээ өгөх ёстой л доо. Өнөөдөр ард иргэд 18%-ийг нь эзэмшиж байгаа шүү дээ. 

Хоёрдугаарт, тэр хувьцааны үнэ цэн хэд вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. ЭТТ дээр хөндлөнгийн компаниар дахин үнэлгээ хийлгэх ёстой. Үнэлгээ хийх хэд хэдэн аргууд байдаг. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн компаниар олон улсад нь хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ хийлгэх ёстой. ЭТТ үнэлгээ нь хэд вэ? Миний эзэмшиж байгаа нэг хувьцаа хэдэн төгрөгтэй тэнцэх вэ гэдгээ харах хэрэгтэй. 

Бид ямар баялагтайгаа мэдэхгүй байгаа шүү дээ. Тухайн үед ЭТТ-гоос хуваарилж байсан болон өнөөдрийн ЭТТ шал өөр болсон. Ядаж иргэн би тэдэн хувийн хөрөнгөтэй гэдгээ мэдрэх ёстой. Тэгэхийн тулд ахин үнэлгээ хийх хэрэгтэй. Тэр бол хүнд асуудал биш байх. 

Тэгэхгүй бол тоо байгаад байдаг, хөрөнгийн хэмжээгээ мэдэхгүй байна. Мөн ногдол ашгийг заавал хуваарилах ёстой. Тэгэхгүйгээр үхмэл хувьцаа байж болохгүй. 

-Сангийн яам шинэ бонд олон улсын зах зээлд гаргасан. Өрийн менежмент, өрийн эрсдэл дээр та юу гэж бодож байна вэ? 

-Монголын Засгийн газар олон улсын зах зээлд өөрийгөө таниулж байгаа эерэг зүйл л дээ. Яагаад гэвэл дэлхийн акул хөрөнгө оруулагчид орж ирж байна. Үүгээрээ дамжуулаад хувийн хэвшлүүд ч гэсэн гадаадад бонд гаргах, IPO хийхэд хөрөнгө оруулагчид Монголыг мэддэг болсон байна гэдэг хувьцааг нь авах боломж нээгдэж байгаа. Хоёрдугаарт, манай макро түвшний эдийн засгийн эерэг өөрчлөлтөөс болоод манай хүү анх удаа маш бага буюу 8-аас доош орж ирж байна. Дээр нь хөрөнгө оруулагчид 14 дахин их захиалга өгсөн байна. 7% гэдэг маш эерэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл Америкийн Төв банкны бодлогын хүү 5.5% байна. Америкийн ипотекийн 30 жилийн зээл 8%-аас давсан байна. Гэтэл дотоодын ипотекийн зээлээс нь доогуур хүү тогтож байна гэдэг бол эерэг, хөрөнгө оруулагчид Монголыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Огт бонд гаргахгүй байснаас гаргаад,зах зээлтэйгээ харьцаад, эргэж төлөөд, дахин зээл аваад байгаа нь муу биш, сайн зүйл гэж харж байгаа. Үүгээрээ дамжуулж бусад том компани гадаадын зах зээлд бонд гаргах үүд хаалга нээлттэй болж байгаа юм. 

-Шинэ он гараад явж байна. Таны хариуцаж байгаа Байнгын хороон дээр 2023 оны онцлох гол шийдвэр, алхам юу байв. Цаашдаа ямар хэрэгтэй ажлууд төлөвлөгдөж байна вэ?

-Манай Байнгын хороо 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар оруулж эцсийн хэлэлцүүлгээр 109 хууль нь дэмжигдээд байгаа. Энэ нь цэвэр цахимжилттай холбоотой. Эхний өөрчлөлт нь цахим бичиг баримтыг цаасан бичиг баримттай ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоо явж байгаа. Энэ нь наад зах нь компани байгуулахад 11 үе шатыг дамждаг. Улсын бүртгэл дээр заавал биеэрээ очоод дүрмээ өгдөг. Энэ болгоныг бүгдийг нь цахимжуулж байгаа. Монгол Улсын иргэн компьютер дээрээ сууж байгаад компани байгуулах боломжтой болно. Мөн төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс асуугаад байдаг. Жишээ нь НД-ын мэдээллийг Татвар нь асуудаг. Тэгвэл төр шууд мэдээллээ авчихдаг болно. Гуравт, энэ нь маш их хэмжээний хэмнэлт авчирна. И-Монголиа ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн хэмнэлт авчирсан. Дөрөвт, авлига, хээл хахуулийг багасгана. Нэг хүний гарын үсгээс хамаарахгүй болно. Ингэснээр Монгол Улс цахим үндэстэн болох зорилгодоо нэг алхам ойртож байна. 

Өнөөдөр Эстони улс компани байгуулъя гэвэл гар утсаараа байгуулдаг. Тэр үүд хаалга Монгол Улсад нээгдэж байна. Монгол Улс Дан системийг ашиглаад иргэнээ таньдаг болж байна. Энийг ашиглаад бусад хүнд суртлыг алга болгох бүрэн боломжтой байгаа. 

Мэдээж асуудлууд байгаа. Дан И-Монголиа биш экосистем яригдаж байгаа. Манай старт апууд, инновацлаг бүтээгдэхүүн, хиймэл оюун ухаан яаж нэвтрүүлэх талаар яригдаж байна. Хиймэл оюун ухааны цаана эерэг, сөрөг олон нөлөөлөл гарч байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхийлөгчийг хятадаар яриулж байна. Сард 6.99 доллароор бүртгүүлээд дурын хүнийг ямар ч видеогоор яаж ч харуулах боломжтой юм билээ. Үүнд зохицуулалт хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн хүний нэр хүнд болон бусад зүйлд халдах боломжтой. Яриагүй, хийгээгүйг нь яриулж хийлгэх боломжтой болж байна. Хиймэл оюун ухааны төгс зохицуулалт одоогоор байхгүй, улс орнууд бүгд л хэлэлцээд, судалж байна. Энэ нь өөрөө их сонин тогтолцоо. Машин сураад байгаа шүү дээ. Chat GPT л гэхэд Монгол Улсын талаар маш их мэдээлэлтэй болж байна. Энийг бид яаж зөв ашиглах вэ. Хуулийн давхардлыг ашиглаад олж болж байна. Бусад улстай харьцуулаад давуу талыг нь гаргаж ирэх ч юм уу. 

Хиймэл оюун ухаан ашиглаад замын түгжрэлийг ч шийдэж болохоор байна. Замын камерууд заавал өндөр нарийвчлалтай байж байжхиймэл оюун ухаантай холбох боломжтой байсан бол одоо энгийн камераар машин тоолж болж байна. Нийт Улаанбаатар хотыг хараад машины хурд, аль уулзвар дээр хэр ачаалал байгааг харж чадаж байна. Тэрийг нэгдсэн удирдлагад холбохоор түгжрэлийг 20-30 хувь бууруулах боломжтой гэсэн олон улсын кэйсүүд байна. Үүнийг бид ашиглана. Заавал өндөр чадалтай камер авах шаардлагагүй, open AI ашиглах, хүний нөөцөө бэлдэх л асуудал байгаа юм. 

-Таны нэр дэвшиж төлөөлж байгаа тойрог бол Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай, хамгийн их утаатай, хамгийн их асуудалтай хэсэг байгаа. Тойрог дээрээ 2023 онд хэр төвлөрч ажиллав? Тэнд цахим үйлчилгээнүүд хэр хүрч байна вэ?

-Тойрогтоо би бол байнга ажилладаг.  Тойргийнхоо иргэдтэй тогтмол уулздаг. Түүнчлэн Баянхошууны уулзвар, Авто худалдааны төв гэхчлэн ХурДан цэгүүдийг тойрогтоо байгуулсан. Ингэснээр төрийн үйлчилгээг заавал нэгдсэн цэгт очихгүйгээр авах боломж бүрдсэн. Энэ жилд СХД-ийн хороо бүрд ХурДан цэгийг байгуулж ажиллана. Ингэснээр дүүргийн иргэд гэрээсээ гараад хороон дээрээ очоод л төрийн 700 орчим үйлчилгээг авах боломжтой болно. Ингэснээр эдийн засгийн хэмнэлт гарна. Хоёрдугаарт түгжрэлийг сааруулна. 

Технологийн шийдэл, ХурДан системийн тусламжтайгаар шүү дээ. Гэхдээ энэ бол богино хугацааны шийдэл. Ирээдүйд ухаалаг утасны хэрэглээ бүр сайжраад, заавал биечлэн очихгүйгээр цахимаар бүх үйлчилгээг авах боломж нээгдэнэ. Гэхдээ ХурДан цэгүүдээс дан үйлчилгээ авахаас гадна Монгол Улсын иргэдийн цахим мэдлэгийг сайжруулах үйлчилгээ явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.