Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор Европын холбооны Элчин сайд уригдан оролцлоо. Элчин сайд, хатагтай Ина Марчюлёните тун удахгүй болох "Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум"-ын талаар мэдээлэл өгсөн юм. Тус форумын зорилго, ач холбогдол, бэлтгэл ажлын явц, Монголын бизнесийн салбарт үзүүлэх нөлөө, талуудын хамтын ажиллагааг уулзалт онцоллоо.
Европын холбооноос ихээхэн ач холбогдол өгч, хичээл зүтгэл гарган төлөвлөж буй Бизнес, хөрөнгө оруулалтын форум нь 2025 оны 10 дугаар сарын 15,16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Форумд одоогоор Европын холбооны 60 гаруй компани, Монгол Улсаас 230 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна.
"Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум"-аар хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эм хангамж, ойн үйлдвэр, ногоон эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг зохион байгуулагчид чухалчлан авч үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбарт чухал ашигт малтмалын эрэл хайгуулын судалгаа, шинжилгээг эрчимжүүлэх яриа хэлэлцээ үргэлжлэх юм. Европын бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд сурталчлан таниулах, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн ноос, ноолуур болон бусад түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ түвшинд гаргахад дээрх форум чиглэх аж.
Форумд Европын Хөрөнгө оруулалтын банк Дэд ерөнхийлөгчийн түвшинд оролцох бөгөөд энэ үеэр нэг тэрбум еврогийн гэрээг үзэглэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Элчин сайд онцолсон юм.