“Эрдэнэт” үйлдвэрийн анхны бүтээн байгуулалттай зэрэгцэн, тэнд ажиллах уул уурхайн мэргэжлийн ажилчдыг сургаж, бэлтгэх зорилгоор “Сургалтын төв” нэртэй нээгдэж байсан, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 50 жилийн түүхэн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн босгон дээр тус сургууль их сургууль болж, цар хүрээгээ тэллээ.
Сургуулийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, доктор Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, ЭЦДС-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Т.Батмөнх, ШУТИС-ийн Ректор, доктор профессор Т.Намнан, Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, доктор Ш.Отгонбилэг агсны гэргий, доктор Д.Туяа, ЭЦДС-ийн захирал асан, доктор профессор С.Давааням, дэд профессор Б.Мажинбуу, Монгол Улсын Гавьяат багш, доктор Ш.Ганбат, Монгол Улсын гавьяат багш С.Мэнджаргал, Монгол Улсын гавьяат багш П.Оюунсүрэн, ШУТИС-ийн Хүндэт доктор, профессорууд, тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, “Эрдэнэт цогцолбор дээд сургууль зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монголын Уул уурхайн салбарын 100 жилийн тэн хагаст нь уул уурхайн мэргэжлийн ажилчид, инженер мэргэжилтнүүдийг тасралтгүй, нэр төртэй бэлтгэж ирсэн нь энэ сургууль, хамт олны үнэт зүйл, бахархалт бүтээл” хэмээн тодотгож, хагас зууны босгон дээр “Эрдэнэт цогцолбор” их сургууль болсныг онцлон тэмдэглэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон уул уурхайн салбарт эрдмийн уурхайг бүтээсэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчдад хандан, бахархалт 50 жилийн ойн мэндийг хүргэхийн зэрэгцээ цаашид тус сургуулийг сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухааны төв цогцолбор хотхон болгон хөгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.