Говь-Алтай аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгох Шохойн чулууны үйлдвэр ашиглалтад орлоо
Говь-Алтай аймаг Шохойн чулууны үйлдвэртэй болж, орон нутгийн төсвийн орлого жил бүр 5-7 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ. Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологийг нутагшуулж буй тус үйлдвэр Говь-Алтай аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгож байна.
Үйлдвэрийг дагаад жижиг, дунд бизнес идэвхжиж, ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт ч өсөлт авчрах бөгөөд орон нутгийн эдийн засагт жилд 2–3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого шингэнэ гэж тооцоолжээ.
Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдүүлж, бүсийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх үйлдвэрийг "Цэнгазар" ХХК байгуулжээ. Тус үйлдвэрийн нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд оролцлоо.