Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Саманта Мостин Оюу толгойн уурхайтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын 28 дахь Амбан захирагч, Эрхэмсэг хатагтай Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Амбан захирагч Саманта Мостин, “Оюу толгой бол зөвхөн Авcтрали болон Монгол Улс хооронд төдийгүй энэхүү уурхайг хамгийн амжилттай, хамгийн томоохон уурхайнуудын нэг болгохоор хамтран зүтгэж буй компаниуд, Монголын ард түмэн, Рио Тинто болон бусад олон инженерингийн болон уул уурхайн компаниудын түншлэлийн тод жишээ юм” хэмээн онцоллоо.
”Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Амбан захирагч Саманта Мостин, түүний нөхөр Симеон Бэкэтт нарт Оюу толгойн ололт амжилтуудаа танилцуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Бидний ололт амжилт бүр манай чадварлаг хамт олон, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн төлөөх тууштай зорилгын маань үр шим юм. Оюу толгой Монгол Улсад урт хугацааны үнэ цэнийг бий болгох зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хамт олон болон орон нутгийн тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж, байгаль орчноо хамгаалан, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх чиглэлээр ажилласаар байна” хэмээлээ.
Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар уурхайд ажиллаж буй монгол, австрали мэргэжилтнүүдтэй уулзахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ц.Идэрборгилын хотонд зочилж, нүүдэлчин ахуйтай танилцсан юм.
Ц.Идэрборгилын охин И.Хонгорзул “Оюу толгой” компанийн Мэдээлэл технологийн хэлтэст ажиллаж байгаад Австралид мэргэжлээ дээшлүүлэн суралцан, өдгөө тус улсад ажиллаж амьдарч буй.