Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байна
16 Цагийн өмнө
95
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” эхэллээ.

Энэхүү чуулга уулзалтын хүрээнд нээлтийн ёслол, үндсэн хуралдаан болон зургаан салбар хуралдаанаас бүрдэх хурлын арга хэмжээнээс гадна залуучуудад урам зориг өгөх, Монгол соёлыг олон улсын тавцанд сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буйгаас гадна Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бизнес, инновацийн үзэсгэлэн гурван өдрийн турш үргэлжилж байна.

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зорин хилийн чанадаас 230 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буйн дотор бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн зах зээл дээрх жендэрийн зөрүүтэй байдлыг бууруулахад эдийн засаг нь 8 орчим хувиар, харин жендэрийн тэгш байдлыг бүрэн хангахад эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой гэж Олон улсын валютын сангийн судалгаагаар тооцжээ.

Монгол Улс эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон улсын чуулга уулзалтуудыг өөрийн эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг, 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаад буй бол энэ онд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.