“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа төрийн өмчит 16 компани оны эхний хагас жилийн бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлаа тайлагнах уулзалт Орхон аймагт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт оролцсон юм.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн хагас жилийн тайланг сонслоо. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нь танилцлаа. Товчхон хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа үнэхээр сайн байна. Үйлдвэрийн газрынхаа бодлого тодорхойлох, төлөвлөх, сайн төлөвлөснөө зохион байгуулж, хэрэгжүүлэх, ажлынхаа үр дүнг тооцож, хяналт тавих тал дээр маш сайн ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрч, сүүлийн хоёр жилийн дотор 30 орчим хувиар хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна.
Мөн төсөвт орох орлого, татвар, төлбөр, хураамжаа нэмэгдүүлсэн. Хэдийгээр хүдрийн агуулга буурч байгаа ч борлуулалтын орлогоо бууруулахгүй, хүдэр боловсруулалтаа бууруулахгүй ажиллаж чадаж байна.
Өмнө нь 26 сая тонн хүдэр боловсруулдаг байхад 7000 хүн ажилладаг байсан бол өнөөдөр 40 сая тонн хүдэр боловсруулж байхад мөн 7000 орчим хүн ажиллаж байгаа. Энэ хэмжээгээр хөдөлмөрийн бүтээмж бас нэмэгдсэн гэсэн үг.
Худалдан авалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан нэвтрүүлж, хүний ашиг сонирхол, нөлөө орохгүй болгож чадсан нь том дэвшил. Энэ бол Монгол Улсад төдийгүй дэлхийд сайн жишээ болж хэлэгдэхүйц жишиг болсон байна.
Мөн үйл ажиллагааны тайлангаа илэрхийлж байгаа байдал нь бусад компаниудаас хамаагүй илүү. Төлөвлөдөг, хэрэгжүүлдэг, хяналт тавьж, тайлагнаж чаддаг нь харагдлаа" гэв.